ЭМЯ: Шинээр 32 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 11 цагаас хойш ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораториудад нийт 4335 шинжилгээ хийгдсэн. Нийт 32 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улаанбаатарт 3 тохиолдол шинээр илэрлээ /нийт 54/, Буянт-Ухаа хороололд төрсөн өдрийн арга хэмжээнд оролцсон хүмүүсийн нэг, Төмөр замын ӨЭМТ-ийн сувилагч, Буянт-Ухаа  хороололд амьдардаг нэг хүн байна. Энэ гурван хүний нэгдүгээр хавьтал болох 111 хүн болон дам хавьтлын 176 хүн, нийт 278 хүнийг илрүүлэн шинжилгээнд хамруулж байна.  Сэлэнгэ аймагт 26 тохиолдол нэмэгдсэн нь  /нийт 124/ ойрын хавьтлын дотроос гарсан байна. Говьсүмбэрт 2 тохиолдол шинээр илэрсэн нь тусгаарлагдсан ойрын хавьтлын хүмүүс юм. Дотоодын нийт тохиолдол 235 боллоо. Зөөвөрлөгдөн орж ирсэн нэг тохиолдол нэмэгдлээ. Алтанбулагийн боомтоор арваннэгдүгээр сарын 10-ны өдөр орж ирсэн хүний давтан шинжилгээнд илэрсэн. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 672, эдгэрсэн эдгэрсэн 342, ажиглалтад 28,  ажиглалт тандалтын хугацаа дууссан 312, нутаг буцсан 7 хүн байна. ХӨСҮТ-д 323 хүн эмчилгээнд байна. Хөнгөн 277 хүн, хүндэвтэр  44 хүн, хүнд 2 хүн байна. Улаанбаатар хотын батлагдсан тохиолдлын тухайд Баянзүрх дүүргийн 4-р хороо, 10-р хороо, Сүхбаатар дүүргийн 16-р хороо, 18-р хороо, 13-р хороо, Баянгол дүүргийн 18-р хороо, 1,4,6-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 7,19-р хороо, Хан-Уул дүүргийн 21-р хороо, 10,16-р хороо, Багануур дүүргийн 4-р хороо, Чингэлтэй дүүргийн19-р хороонд байралдаг амьдардаг хүмүүс коронавирусийн халдвартай нь тогтоогдсон байна” гэв.