ХӨСҮТ: 13 хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдөр (2021.01.11)-ийн мэдээллээ хийлээ.

Өчигдөр (2021.01.10) нийт 14216 сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс Сovid-19 илэрчээ.

МОНГОЛ УЛСАД БҮРТГЭГДСЭН COVID-19-ИЙН НИЙТ ТОХИОЛДОЛ 1442 БОЛЛОО

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Шинээр илэрсэн 13 тохиолдол нь өмнө батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн ойрын хавьтлууд байна. Тэдний нэг, хоёр дахь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. “Тэнүүн-Огоо” автобус бааз компанийн ажилчдаас илэрсэн гэр бүлийн халдвар, “Ачтан” эмнэлэг, “Мөнххада” компани зэрэг батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрсэн.

Өнөөдрийн байдлаар нийслэлд батлагдсан тохиолдол нийт 616 боллоо. Аймгуудад нэмж халдвар илрээгүй. Дотоодын халдвар улсын хэмжээнд 942 болсноор Монгол Улсад бүртгэгдсэн Covid-19-ийн нийт тохиолдол 1442 боллоо. Үүнээс 896 хүн буюу 62.1 хувь нь эдгэрсэн бол 535 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал нь маш хүнд хоёр, хүнд 11, хүндэвтэр 106, хөнгөн 416 хүн байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн 260 нь ХӨСҮТ-д, 200 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэж байгаа бол хүн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт долоо, Яармагийн 300 ортой эмнэлэгт 68 хүн эмчлэгдэж байна.

Улаанбаатарт гарсан голомтуудын нийт халдварын тоо:

• “Мөнххада” ХХК – 25 тохиолдол илэрснээс найм нь тус компанийн ажилчид бол 17 нь гэр бүлийн хүмүүс.
• “Ачтан” эмнэлэг – 47 тохиолдол илэрснээс эрүүл мэндийн ажилтан 21 бусад 26 нь гэр бүлийн хүмүүс.
• “Тэнүүн-Огоо” ХХК-иас нийт 14 тохиолдол илэрчээ.

Баянгол дүүргийн 20176 хүнийг шинжилгээнд бүрэн хамрууллаа. Өнөөдрийн байдлаар 18300 хүний шинжилгээний хариу гарснаас найман хүний шинжилгээнээс Covid-19 илэрлээ.

Өчигдөр шинээр ойрын хавьтал болох 35 хүнийг хяналтад авчээ. Ойрын хавьтлын нийт 1129 хүн байснаас 182 нь тусгаарлалтаас гарч, 947 хүн ажиглалт, тандалтад байна.