МАРТЫН 8-Н БУЮУ ЧИМГЭЭ

Том охин минь цэцэрлэгт байхдаа Мартын 8-ны өдөр томоос том цэцэг зурж бэлэглэж билээ. Үртэй хүний жаргалыг амссан тэр сайхан өдрүүд минь. Том охин минь бага ангид байхдаа “Ээждээ” гэж чангаас чанга хэлээд шүлэг уншлаа.

Чимгээ нь Мартын 8-ны өдрийг инээж, хайрлаж, догдолж өнгөрүүлдэг олон мянган жаргалтай ээжүүдийн нэг байлаа. Бяцхан гараараа урласан наамал цэцэг, давс нь ихэдсэн хоол, нэг ширхэг сарнай, ууттай чихэр, тэр бүү хэл шинэ оймс хүртэл хүүхдүүдээсээ Мартын 8-ны өдөр авдаг байлаа. Ахлах ангид орсон том охин минь мөнгө цуглуулж байгаад үнэртэй ус авч өгсөн жил миний амьдралдаа тэмдэглэсэн олон сайхан Мартын 8-ны өдрүүдийн сүүлийнх байсан гэдгийг чөтгөр л мэдэж байсан байх.

Би 6 удаагийн Мартын 8-ны өдрийг нулимс, хагацал, шаналлыг мэдэрч өнгөрүүллээ. Хийгээгүй хэргийн төлөө ийн суухдаа хүмүүс уг нь хүнлэг дээ, ухаалаг даа. Гэнэт энэ төмөр хаалга торхийн онгойж “Таныг сулла ж байна” гэж хэлнэ байх гэж найддаг. Би энэ мэдрэмжийн тухай таны өрийг чинь өмөртөл, хүний ёсонд ийм юм байж болох уу гэж халаглатал, эх хүнийхээ энэ биеэрээ туулсан болгоноо яривал чулуу хүртэл намайг өрөвдөж уйлна.

Өчигдөр шөнө би бараг л суллагдса н  мэт мэдрэмжтэй хонолоо. Ерөнхий сайд, Хууль зүйн яамны сайд надтай уулзана гэнэ. Гэнэт намайг сулла х шийдвэр гарсныг хэлж цэцэг бэлэглэвэл би чинь ийм муухай үнэртэй танартай зогсож байж болохгүй шүү гэж бодоод хүйтэн гоожуурт тонгойн байж үсээ угаалаа. Урагдаж сэмрээгүй хамгийн аятайхан гэх хувцсаа орныхоо хөлд эвхэж тавилаа. Намайг сулла ж буйг улс орон даяар зарлах юм чинь уйлсаар байгаад хавагнасан нүдтэй байж болохгүй гэж төмөр аягаа нүдэн дээрээ тавьж хэсэг хэвтлээ. Сулла х  нь тодорхой болоод л бүр зориуд Мартын 8-ны буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр уулзах тов гаргасан тухай гэр бүлд минь хэлсэн л байж таарна гэж бодов.

Сулла а  гэхэд надад эндээс авч гарах юу билээ. Ер нь эндээс юм авч гараад яах билээ. Гэхдээ шорон д хувцсаа үлдээж болдоггүй гэсэн. Өглөө босоод юмаа авч гарахад бэлдээд тавина аа. Бурхан минь, тэнгэр хальсан үр минь. Үйлс нь хазайсан ээжийгээ энэ удаад эндээс авч хайрлаач. Би үнэхээр унтаж чадсангүй. Сулла х  байх. Надаас уучлалт гуйх байх гэж бодсоор үүр цайлгалаа. Эрх чөлөө үнэртээд ч байх шиг санагдаж өөрийн эрхгүй баяр төрөөд байлаа.

Сулла х байх. Надаас уучлалт гуйх байх. Гарцаагүй л тэгэх гэж Мартын 8-н буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийг Ерөнхий сайд сонгосон. Би ийн бодсоор хянагчийг даган алхлаа. Машинд сууж шинээр баригдсан барилга, гоё гоё машин, яаран алхах хүмүүсийг харсан. Ийм дүр зураг хараагүй 5 жил 7 сар болжээ. Энэ хүмүүс бүгд эрх чөлөөтэй. Ямар их азтай хүмүүс вэ. Та нар бол энэ дэлхийн хамгийн азтай хүмүүс гэж хүн бүрд хэлмээр л санагдав. Оюутан гэмээр нэг хөөрхөн охин гарцаар гарч буйг харлаа.

Хэрвээ охин минь амьд байсан бол энэ охин шиг их хотын хөдөлгөөн дунд юуг ч юм бодон жаргалтай алхах байсан даа. Хөөх, энэ ээж охин хоёр юу яриад ингэж их инээгээ юм бол. Хэрэв охин минь амьд, би шоронд ороогүй бол бид хоёр ингээд л явж байх байсан. Гэхдээ өнөөдөр суллагдах юм байна. Үлдсэн үр хүүхэдтэйгээ ингээд алхахад болох юм биш үү Чимгээ гэж өөртөө сануулав.

Намайг том танхимд ширээний ард суулгалаа. Олон залуухан сэтгүүлчид орж ирлээ. Тэднээс сүрчиг, залуу нас, эрх чөлөө үнэртэж байсан. Охин минь сэтгүүлч болно гэдэг байж билээ.

Хууль зүйн яамны сайд миний хэрхэн хохирсон, ямар ямар дарамт үзсэн тухай яриад л байсан. Ингэж ярьж дуусаад надад сулла х шийдвэр гэсэн цаасан дээр цэцэг тавиад өгнө. Тэгээд “Танд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын мэнд хүргэе. Та гэртээ харьж болно оо” гээд инээмсэглэнэ.

 

Сэтгүүлчдийн араас хүүхдүүд болон ээж, ах, эгч нар минь бас гэнэт гарч ирнэ. Бүгд надад алга ташиж баяр хүргэнэ. Энэ өдөр би эрхээ бүрэн утгаар нь эдэлсэн цорын ганц эмэгтэй болно. Монголчууд надад суллагдсан д баяр хүргэх гэж л энэ олон камерын ард гэр гэртээ анхааралтайгаар үзэж байгаа. Олимпын тамирчныг бариандаа орохыг бүгд зүрх даран хүлээдэг шиг Монголчууд Чимгээд сулла х шийдвэр өгөхийг зүрх даран хүлээж байгаа. Тэгээд л ийм олон камер өөдөөс улаан гэрлээ анивчуулан хөдлөх, амьсгалах, ярих бүхнийг минь алдалгүй бичиж авах гэж байна шүү дээ.

Сайд ямар удаан ярьж байна аа. Эсвэл Ерөнхий сайд сэтгүүлчдийг “Холдож бай даа” гэсээр дундуур нь зүсэн орж ирээд “За Чимгээ гэртээ харь. Сулла х  шийдвэрийг чинь авчирлаа” гээд өгөх гэж байгаа юм болов уу? Түрүү жил намайг бас дуудаж уулзсан. Гэхдээ энэ жил суллах нь гарцаагүй байх аа. Сэтгүүлч надаас хэр их зовсон бэ? гэх утгатай асуулт асуулаа. Охин минь нүдэнд харагдах шиг болж биеэ барьж чадалгүй уйлаад ярьсан. Гэхдээ би нулимсгүй болсон. Зүгээр л шархираад өвдөөд, зүрх салгалж байсан. Миний ярьсан зүгээр л товч мэдээлэл. Бүхнийг яривал хэдэн өдөр, хэдэн сар болно. Намайг алчихгү й л бол би бүхнийг ярина. Түр хүлээж байгаарай.

Уулзалт дуусав. Би суллах шийдвэрээ хэзээ өгөх гээд байгааг хүлээсэн хэвээр ширээний араас босохдоо хэтэрхий их найдсандаа болж туйлдан ядарсан байлаа. Танхим дүүрэн хүмүүсээс хэн нь ч сулла х тухай үг цухуйлгасангүй. Тэгвэл энэ олон хүний хэн нэгнийхэн биед нь ороод эсвэл араар нь нуугдаад гараад явчих юм сан. Хэн нэгэн хүн намайг эндээс хөтлөөд гаргадаггүй л юм байх даа. Намайг сулла х гэж л энэ олон камер, энэ олон хүмүүсийн дунд суулгаад уйлуулан байж яриулсан биз дээ. Би эсвэл дутуу ярив уу? Илүү ихээр орь дуу тавин уйлах байсан юм болов уу? Сэтгэлд чинь хүрээгүй бол дахиад уйлаад ярья. Дотор сэтгэлээ уудлаад ярья. Яавал намайг ойлгож суллах юм бэ?

Намайг буцаагаад машинд суулгалаа. Сулласангүй. Эсвэл шорон д очиход сулла х  юм болов уу? Сулла х шийдвэр гаргасан бичиг дэрэн доор байгаа юм болов уу?

Хүүхдүүд минь надад Мартын 8-ны бэлэг болгож бичсэн дугтуйгаа дэрэн доор хийдэг байсан юм.

Би дахиад л шоронгий н хаалгаар орлоо. Гэхдээ итгэл мөхөхгүй байлаа. Өрөөндөө орж хамгийн түрүүнд дэрэн доогуураа гараа шургууллаа. Бэлэг байсангүй!!!

Зүгээр дээ Чимгээ. Тэд жил болгоны МАРТЫН 8-нд ингэдэг шүү дээ. Чи энэ тоглоомд дасах л хэрэгтэй болж дээ. САЙД НАРААС ЧИНЬ ЧАМД БАРЬСАН ТОГЛООМ БАЙСАН ШҮҮ.

Зохиолч Пүрэвмаа.

2021.03.08

Эх сурвалж:

https://www.facebook.com/Zohiolch.Purevmaa