Төсвийн шууд захирагчдын тайланд аудит хийж 1.1 их наяд төгрөгийн алдаа, зөрчил илрүүлжээ

Төрийн аудитын байгууллагаас Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн шууд захирагчдын 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудитыг хуулийн хугацаанд буюу 2 дугаар сарын 25-ны дотор хийжээ.

Улсын хэмжээнд нийт 2,795 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт гаргасан байна. Үүнээс

  • “Зөрчилгүй” дүгнэлт 2467,
  • “Хязгаарлалттай” дүгнэлт 297, “
  • Сөрөг” дүгнэлт 26,
  • “Санал дүгнэлт өгөхөөс татгалзсан” 5 дүгнэлт өгчээ.

Аудитаар нийт 1.1 их наяд төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс нягтлан бодох бүртгэлтэй холбоотой 764 тэрбум төгрөгийн алдааг залруулж, 12 тэрбум төгрөгийн 1,298 төлбөрийн акт тогтоож, 262 тэрбум  төгрөгийн 2,533 зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх албан шаардлага хүргүүлж, 92 тэрбум төгрөгийн 4,046  зөвлөмж хүргүүлсэн байна.

Төсвийн төвлөрүүлэн захирагчид болон Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн тайланд хийх аудит үргэлжилж байгаа аж.

Төрийн аудитын байгууллагаас 2020 оны санхүүгийн тайлангийн аудитыг хийхдээ шалгагдагч байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хослуулсан байдлаар хяналт тавьжээ. Энэ хүрээнд нийт Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаагүй нийт 655 байгууллага, албан тушаалтанд зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүлж, 1009 зөвлөмжийг өглөө.

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу ҮАГ-т шинээр байгуулагдсан Шилэн дансны хяналтын хэлтэс цахим систем ашиглан, төсөв захирагчдын санхүү, төсвийн холбогдох мэдээллийн сан бүрдүүлж, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд байнгын хяналт тавих бодит цагийн аудитыг гүйцэтгэх тогтолцоог нэвтрүүлж, холбогдох цахим системийн загвар, аргачлалыг боловсруулж байна. Төсвийн шууд захирагчдын 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийсэн талаарх мэдээллийг ҮАГ-ын Хоёрдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулав.