Төв аймагт 16 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагджээ

Шадар сайд С.Амарсайхан, УОК-ын Нарийн бичгийн дарга, Цагдаагийн хурандаа Ц.Амгалан нар Төв аймгийн Шуурхай штабт ажиллаж байна. Төв аймагт гуравдугаар сарын 6-ны өдөр коронавирусийн халдвар батлагдсанаас хойш өнөөдрийг /2020.03.14/ хүртэл 16 хүн халдвар авчээ. Халдвар авсан иргэдийн ес нь ХӨСҮТ-д, долоо нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй аж. Аймгийн төв дэх тусгаарлан ажиглах байранд 50 иргэн, есөн суманд 10033 хүн гэрийн ажиглалтад байна.

Халдвар авсан иргэд аймгийн төвийн иргэд учир Зуунмод сумын хэмжээнд “Нэг өрх-нэг шинжилгээ”-г хийсэн байна. Шинжилгээнд Зуунмод сумын зургаан багийн 4736 иргэн хамрагдахаас 4541 иргэн хамрагдлаа. 4537 иргэний шинжилгээний хариу сөрөг, 4 иргэнийх эерэг гарсан гэж танилцуулав. 195 өрх хаяг дээрээ байгаагүй аж.

Төв аймаг Засгийн газраас гуравдугаар сарын 1-нд аймгууд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх шийдвэрийн дагуу боловсролын байгууллагуудынхаа үйл ажиллагааг нээгээгүй. Цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж гуравдугаар сарын 10-наас сургууль, цэцэрлэгийг нээхээр төлөвлөөд байтал 6-ны өдөр халдвар бүртгэгдсэн байна.

Зуунмод сум 17600 иргэнтэй бөгөөд насанд хүрсэн 10800 иргэнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах, аймгийн төвдөө PCR шинжилгээний лаборатори байгуулах хүсэлтээ Шадар сайдад уламжлав.

Төв аймаг онцлогтой. Удахгүй дулаарч, газар тариалан, мал аж ахуй, уул уурхайн үйлдвэрлэлийн ажил эхэлж олны хөл хөдөлгөөн эрс нэмэгдэнэ. Төв аймгийн нутаг дэвсгэрээр дамжиж бусад аймаг, орон нутаг руу явах хүсэлт олноор ирж байгаа тул халдвараас сэргийлэх бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаагаа илэрхийллээ.