Дундговь аймагт шуурганы улмаас есөн иргэн амиа алджээ

Шадар сайд, Улсын онцгой комисс (УОК)-ын дарга С.Амарсайхан Дундговь аймгийн Онцгой комиссын гишүүдтэй онлайнаар холбогдож, байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдэн, хүний амь эрсдэж, эд малын хохирол учирсан талаар мэдээлэл сонсчээ.

Дундговьд өнгөрсөн Ням гаригаас эхлэн 10-15 цагийн турш үргэлжилсэн шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, нийт 468 иргэн сураггүй алга болсон байна. Энэ тухай дуудлага мэдээлэл тус аймгийн Онцгой комисс (АОК)-т ирж, нийт 578 ажилтан албан хаагч 186 техник тусламжтайгаар аврах, эрэн хайх ажиллагаа явуулжээ.

АОК-оос шуурхай арга хэмжээ зохион байгуулж ажилласны дүнд нийт 459 иргэнийг эсэн мэнд олсон байна. Харамсалтай нь, есөн хүний амь эрсэджээ.

Хүчтэй шороон шуурга 34-40 метр секунд хүртэл хурдтай үргэлжилж, 1.6 сая мал салхинд уруудаж, 69 барилга, объектын дээвэр хууларч, 30 автомашины шил хагарч, 587 хашаа хороо унаж, 92 гэр нурсан байна. Дорноговь аймгийн хэмжээнд хохирлын үнэлгээ гаргаж байгаа бөгөөд сумдад шаардлагатай тусламжийн баг ажиллуулж, гамшигт өртсөн айл өрхүүдэд тусалж эхэлжээ.

Шадар сайд гамшигт өртөж амь эрсэдсэн малчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн тэрбээр УОК, АОК-оос цаг уурын аюулт үзэгдлийн талаарх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд, малчдад урьдчилан сануулж хүргэсээр байтал золгүй явдал тохиолдож байгааг анхааралдаа авч, цаашид эрсдэлтэй бүс нутагт хаваржиж байгаа малчдын судалгааг нэн яаралтай гаргаж, урьчилан сэргийлэхийг АОК-т үүрэг болгожээ. Улмаар аймгийн хэмжээнд хохирлын хэмжээг бодитой гаргах, шаардлагатай тусламж үйлчилгээний хүсэлт ирүүлэхийг АОК-т даалгасан байна.

Цаг агаарын гамшигт үзэгдэл дахин давтагдаж болзошгүй тул бэлэн байдлыг хангаж, сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд, малчдад бүх хэлбэрээр түгээх, УОК-т цаг тухай бүр мэдээлэл өгч ажиллахыг уламжлаад, аймгийн хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг сайтар хийхийг чиглэл болгожээ.