Шүүгч нарын гэм буруутай эсэхийг шүүх тогтооно

Өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий 5 шүүгч, 6 шүүхийн захиргааны ажилтнуудын харилцах дансаар мөнгө шилжүүлсэн гэх баримтыг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл ил болгосон.

Тэгвэл өчигдөр ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр өмгөөлөгч Б.Баасанцогтоос мөнгө авсан гэх шүүгч нарыг өөрсдийн хүсэлтээр шалгуулах тухай мэдэгдлийг тэдэнд хүргүүлсэн байна.

Тэд шалгуулахын тулд заавал шүүгчийн бүрэн эрхээсээ түдгэлзэх ёстой. МУ-д хамгийн өндөр цалин авдаг шүүгч нар өмгөөлөгчөөс мөнгө зээлэх шаардлага байсан уу гэх асуулт үүсээд байна. Шүүгч нарын цалинг нэмсэн нь тэднийг хээл хахуулиас ангид байж хэн нэгнээс хараат бусаар ажиллах нөхцлөөр хангасан хэмээн Монголчууд итгэж буй.

Гэтэл зарим шүүгчид өмгөөлөгчөөс авсан мөнгөө зээл буцааж төлөв хэмээн буцаан шилжүүлж буй баримт ч ил болов. Энэ нь тэднийг хахууль авсан мөнгөө цайруулж уснаас хуурай гарах аргаа сүвигчилж эхэллээ гэж байгаа ч тэдний гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх л тогтооно.

Энэ мэт шүүгч нартай холбоотой хээл хахуулийн асуудал сүүлийн жилүүдэд сөхөхөгдөх болсон.

Өмнө нь Салхитын мөнгөний ордтой холбоотой хахуулийн хэрэгт 10 гаруй шүүгч холбогдон бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж одоо болтол зарим шүүгчийн хэрэг шийдэгдээгүй байхад дахин шүүгч нар хахууль авсан байж болзошгүй хэрэг сөхөгдсөн нь иргэдийн шүүхэд үл итгэх байдлыг өдрөөс өдөрт нэмэгдүүлсээр байна.

Түүнчлэн ардын хүүхэд 10000 төгрөг хулгайлаад 10 жилийн ял авч байхад төрийн өндөр албан тушаалтнууд хээл хахуулийн болон албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод бараг ялгүй үлдэх тохиолдлууд ч иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бууруулсаар байгаа билээ.