Р.Эмүжин: Тэнгэрийн бүргэдүүд газардахыг хармааргүй байлаа, тэртээ өндрөөс унасных нь дараа дэвслэх зүрх алга

Сэтгүүлч Р.Эмүжингийн нийтлэл танд нэгийг бодогдуулах нь лавтай

Газарт…

Тэнгэрийн бүргэдүүд газардахыг хармааргүй л байлаа. Тэнд хүрэхийн тулд Түвшинбаяр, Энхбат хоёрын гаргасан тэвчээр, урсгасан хөлс, дуслуулсан нулимс, жигүүрлэсэн сэтгэл, нөхөрлөсөн итгэлийн үнэ цэнийг бид мэдэхгүй.

Харин одоо хазгай газар халтирч, хар усанд ойчиж, тэртээ өндрөөс дэргэд унасан тэднийг элдвээр хэлж, элэг зүрх рүү нь өшигчин, сүрэглэн дайрч, сүүдэрлэн жиндүүлж байна. Нэг нь цагдан хоригдож, нөгөөх нь эмнэлэгт ухаангүй хэвтэж байгаа хоёр сайхан залууг хараад нөхөрлөлийн нөмөрт явдаг хэн бүхэн нэгийг бодож, хоёрыг тунгаан дуугаа хураасан хүндхэн өдрүүд ажээ.

Үнэндээ тэдний эзгүйд бөхийн ертөнц ч бүдэг бадаг таамагт автлаа. Үгүй байлгүй дээ, өөр л учир ургалаа хэмээж, үүрээ эвдүүлсэн мэт үймж байна.

Тив, дэлхийн хүчтэнүүдийн өмнө алдраагүй тэвчээр архины өмнө өвдөг бохирч, зүлэг ногоон дэвжээнээ нугараагүй зүтгэл хар усны өмнө тэнцвэр алджээ. Найзыг найзаар нь дуудуулж, архийг андаар нь түшүүлж, найрыг нанчилдаанаар дуусгасан тэр ашиг сонирхол бас л улс төртэй холбогдож байгаа.
Алдар нэр байвал ашиглаж, андын холбоо байвал дэвсэлдэг нөгөө л албан тушаал, аван идэхийн арчаагүй шунал. Хот хөдөөгүй бөхчүүдээр гоёж, уулзалт цуглаанд сүр бараагаар нь чимж, олны дунд оноосон цолонд нь дулдуйддаг хөгийн зуршил манай улс төрийнхөнд бий. Бүр байчихаад албан тушаал өгч хажуудаа уядаг, сонгуульд хүссэн тойрогтоо нэр дэвшүүлж дэргэдээ гинжилдэг таагүй хандлага ч тогтсон, тогтоосон.

Тэд чинь тамирчид. Тэнгэр өргөөд босдог бөхчүүд болохоос улс төрийн найрааны урагшгүй хамсаатан, амьгүй албат, цүнх баригч, цүнхээлд шумбагч биш. Эвдэрнэ, элдэвлэнэ, эмзэглэнэ, эр хүн л юм чинь жиндэнэ, жигүүрлэнэ, живнэ. Тэнгэрийн бүргэдүүдийг өмчилж, гар дээрээ суулгаад, гав зүүх гэсэн бусдын галзуу шунал энэ хоёр залууг ч бас тойроогүй, дайрсан. Өнгөтэй хийморьтой байх тусам нь шунасан, хүчтэй одтой байх тусам нь шүлэнгэтсэн. Хоорондоо булаацалдаад хор амсуулчихсан байхыг ч үгүй гэхгүй.

Айргаа уугаад, адуугаа уургалаад дарвиж явахдаа жаргалтай тэр л заяаг нь сандал ширээнд уяж, сэнтий олбогоор даруулсан. Магадгүй зүгээр л дасгалжуулагчаа хийгээд, зүлэг ногоон дэвжээнээ зүсээ, алдраа дуудуулаад дэвж явсан бол өнөөдөр ингэж эрэг ганганд ойчоод, эр нэг эндээд, нөхөж баршгүй эрүүл мэнд, нөмөрлөж баршгүй андын сэтгэлээ нугалж хугалчихаад, шүдтэй болгонд мэрүүлээд, хэлтэй болгонд хэмхүүлээд сууж байх уу?

Энэ нөхөрлөл, энэ эвдрэлцлийн өмнө хүнээрээ үлдсэн хүн дэндүү цөөхөн байлаа. Өшиглөж, өрлөн түлхэж, өөр хоорондоо шивнэлдэж, өөдгүй муухай мушгин дэвсэлж буй хөл болгон эзэнтэй, хэл болгон ээдрээтэй юм. Түвшинбаяргүй Энхбат, Энхбатгүй Түвшинбаяр оршин тогтнох боломжгүй байсан. Энэ нөхөрлөл энд хүрээд шоргоолжны хоол, шавжны ялгадас болох гэж цаг хугацааг элээн цаглашгүй өндөрт дүүлээгүй гэдэгт итгэхийг хүсч байна.

Тэнгэрийн бүргэдүүд газардахыг хармааргүй байлаа, тэртээ өндрөөс унасных нь дараа дэвслэх зүрх алга.
Нэг нь цоожтой хаалганы цаана үлдэж, нөгөөх нь эмчилгээнээс эмчилгээний хооронд бэдэрнэ. Нэгнийх нь нэр, нөгөөгийнх нь яс хугарав. Амь мэт ааваас заяасан эрүүл бие, амь мэт ааваас үүрүүлсэн алдар нугарав. Ямар гашуун гэдгийг яг одоо бид биш, тэд л мэдэж байгаа. Дунд нь гарсан ангалд хүрз нэмж, дур дураараа хашгичихаа л больчих юмсан.

Одоо гагцхүү үнэн шударга шийдвэр тэдний нөхөрлөлийг төлөөлж, өнө удаан цаг хугацааг өнгөлж үлдэнэ. Эрчүүдийн энэ хүртэл түшсэн итгэл, сэтгэл, их нөхөрлөлийг албан тушаалд дулдуйдсан арчаагүй худал хуурмагаар бүү гутаагаасай даа л гэж бодох юм.

Түвшинбаярт бусдын үгээр үг хийлгүй жолоогоо татаж, гэмшлээ залах ухаан байгаасай, Энхбатад эдгэж босоод, эргэж хараад тунгаах орон зай нь үлдээсэй дээ.

2021.04.05