А.Базар: Оргил худалдааны төвийн авто зогсоолын газрыг чөлөөлөх захирамж гаргах хүн нь нийслэлийн Засаг дарга

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил Энканто худалдааны төв нийтийн эзэмшлийн зам талбайг авто зогсоол болгоод нэлээдгүй удсан.

Энэ талаар “БЭЗ Партнерс ХХН’ –ийн өмгөөлөгч А.Базар шүүхэд хандаад байгаа билээ. Түүнээс энэ талаар тодрууллаа.

-Юуны өмнө өөрийгөө манай уншигчидад танилцуулахгүй юу?

-Өмгөөллийн БЭЗ Партнерс ХХН-д 2017 оноос өмгөөлөгчөөр ажиллаж байна.

-Оргил Энканто худалдааны төв нийтийн эзэмшлийн зам талбайг авто зогсоол болгосон асуудлаар хэзээ шүүхэд хандав?

– Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд эхлээд “Камдер” ХХК-ний авто зогсоолын асуудлаар хандсан. Тус шүүхээр таны энэ асуудлыг захиргааны хэргийн шүүх шийднэ гэсэн хариу өгсөн. Иймээс өнгөрсөн оны 10 сард Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан л даа. Энэ хэргийн шүүх хурал нэг, хоёр удаа хойшилсон боловч энэ сарын 28-нд товлогдоод байна.

-Ямар шалтгаанаар хойшилж байсан юм бол?

– Нотлох баримт бүрдүүлэх асуудлаас болж хойшилж байсан. Өөрөөр хэлбэл тус авто зогсоолын талбай нийтийн эзэмшлийн явган хүн, дугуйн зам байсан гэдгийг нотлох шаардлагатай байсан учир хойшлогдсон. Тийм учраас би энэ Оргил худалдааны төвийн зам төлөвлөлтийн зургийн авъя гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүх тэр хүсэлтийг хангаад шүүх хуралдааны тов гарсан.

-Өөрөөр хэлбэл Оргил худалдааны авто зогсоол нийтийн эзэмшлийн зам талбай байсан эсэх нь үнэн гэсэн нотлох баримт гэж ойлгож болох уу?

-Тийм.

– Та шүүхэд хандахаасаа өмнө өөр газруудад хандсан уу. Уг нь Нийслэлийн Засаг даргын тамгын газар нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажлуудыг хийх ёстой шүү дээ?

-Би дээр ярьсан Иргэний хэргийн шүүхэд хандсан гэж. Тэр үедээ Нийслэлийн Засаг даргын тамгын газарт тухайн газрыг чөлөөлж өгөөчээ гэсэн хүсэлт гаргасан. Тухайн үед Батбаясгалан гээд нэг орлогчид миний хүсэлт очсон санагдаж байна. Гэвч надад ямар нэг хариу өгөөгүй.Мөн тухайн газар ч чөлөөлөгдөхгүй өнөөдрийг хүрлээ. Мөн Мэргэжлийн хяналтын газарт хандсан ч бас л ямар нэг хариу өгөөгүй учир Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Шүүхэд нэхэмжлэл гаргахаар шүүх  нөгөө талаас нь тайлбар авдаг. Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна уу гэж. Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон хүмүүс юу гэж тайлбар ирүүлсэн бэ гэхээр “Бид нар газар чөлөөлөх шаардлага хүргүүлсэн байгаа” гэсэн хариу тайлбар өгсөн байсан. Би газар чөлөөлөхийг даалгаачээ гээд нэхэмжлэл гаргаад байгаа шүү дээ. Нийслэлийн Засаг даргаас гаргасан захирамж ерөөсөө байдаггүй юм. Харин газрын албанаас мэдэгдэл өгсөн байна лээ. Хуулиараа бол газар чөлөөлөх арга хэмжээг авч захирамж гаргах хүн нь Нийслэлийн Засаг дарга.

Мөн энэ ажил нь нэг цаас өгөөд дуусчих ажил биш шүү дээ. Бодитоор газар чөлөөлөх ажлыг л хийж иргэдийнхээ аюулгүй амьдрах орчиныг хангах ёстой. Энэ нь өмнөх болон одоогийн Засаг дарга нарт хамааралтай.

-Уг нь энэ ажлыг төр нь ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж хийх ёстой шүү дээ?

-Нэгдүгээрт би хүний эрх, нийтийн эрх ашгийн хамгаалж ажиллах үүрэгтэй. Тийм учраас шүүхэд хүний эрх, нийтийн эрх зөрчигдөж байгаа талаар гомдол гаргах боломжтой юм.

Хоёрдугаарт би өөрөө Баянзүрхийн 26-р хороонд буюу Оргил худалдааны төвийн ойролцоо оршин суудаг. Энэ хороонд амьдарч байгаа хүмүүс Оргил худалдааны төвийг тухайн нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж өгөх хүсэлтийг тавьдаг юм билээ. Учир нь Оргил худалдааны төвийн хажууханд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байдаг. Тухайн хорооны оршин суугчид  явган, дугуйтай, хүүхдээ тэргэнд түрээд цэцэрлэгт хүрээлэн явахад маш хүндрэлтэй. Би өөрөө ч бас Оргил худалдааны тэр замаар явах шаардлага тулгардаг л даа. Ганц манай хорооны иргэд биш нийт иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа юм л даа.

Уг нь арга хэмжээ авах ёстой газар бол Нийслэлийн Засаг дарга, Дүүргийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газар. Оргил худалдааны төв нь газар эзэмших зөвшөөрөлгүй тэр газрыг авто зогсоол болгочихсон байна. Тиймээс газар чөлөөлөх арга хэмжээг дээрх засаг дарга нар авах ёстой. Мэргэжлийн хяналтын газарч бас эзэмших эрхийн гэрчилгээгүй газар ашиглаж байгаа зөрчлийг арилгаж торгох, газар чөлөөлөх арга хэмжээг авах ёстой л доо.

 

-Энэ газрыг чөлөөлөхгүй бол ямар аюул иргэдэд тулгарч болох юм бэ?

Би Нийслэл, дүүргийн Засаг дарга нарт нэгдүгээрт газар эзэмших гэрчилгээгүй газар ашиглаж байгаа нь зөрчил учраас торгож өг.

Хоёрдугаарт  зөрчлийг арилгаад зогсоол болгосон газрыг чөлөөлж өг.

Гуравдугаарт энэ маргааныг шалгаж шийдвэрлах хүртэл хүний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлтэй учраас авто зогсоолын үйл ажиллагаа төр хязгаарлаж өгөөч гэж хандсан боловч хариу өгөөгүй.

-Оргил худалдааны төвийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарынх гэдгийг хүн бүхэн мэддэг. Та УИХ-ын гишүүнтэй зарга үүсгээд ялна гэдэгтээ итгэлтэй байна уу. Энэ асуудал маш олон жил яригдаж байна шүү дээ?

-Яг энэ газрыг эзэмшиж байгаа компани бол “Камдер” гэдэг компани байсан. Улсын бүртгэлд бүртгэгдсэнээр том хувьцаа эзэмшигч нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар юм билээ. Би нийтийн эрх ашигийн төлөө гомдол гаргасан эцсийн шийдвэрийг шүүх гаргана.