Фото мэдээ: Автобусны буудлуудыг тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүмүүсийн хамгийн их бөөгнөрөл үүсгэдэг эрсдэлтэй цэг  болох автобусны буудлуудыг угаах ажлыг өчигдрөөс эхлүүлжээ. Уг ажил өнөөдөр /2021.04.18/ үргэлжилж байна.

Дэлхийн олон улсад тархаад буй Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөнөөр хөл хорионы хугацаанд хот, нийтийн аж ахуйн зарим ажлуудыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгчээ.

Энэ дагуу бохирдол ихтэй нийт 72 автобусны буудлыг хоёр бригад гарган, тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж цэвэрлэж байна.

Цаашид нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрладаг автобусны буудлын сандал, хогийн сав, ТҮЦ-үүдийн өнцөг булан бүрийг ариутгал, халдваргүйжүүлэх тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр  угааж цэвэрлэх ажил хуваарийн дагуу  үргэлжлэх аж.