С.Энхболд: Хүнд нөхцөлд хариуцлагатай ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудаа хаана ч өмгөөлж хамгаална

Өчигдөр Улсын нэгдүгээр эмнэлэгт ээлжинд гарч байсан 42 настай сувилагч зургаан давхраас унаж нас барсан хэрэг гарсан. Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн цахим хуудастаа эмгэнэл илэрхийлжээ.

“ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ
2021 оны 4 дүгээр сарын 28-29 шилжих шөнө Улсын нэгдүгээр төв эмнэлгийн улаан бүсэд ажиллаж байсан сувилагч амь насаа алдлаа. Сувилагчийн ар гэр, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч, эрүүл мэндийн салбарын нийт албан хаагчдадаа гүн эмгэнэл илэрхийлье.
Холбогдох хууль хяналтын байгууллага шалтгааныг тодруулахад Эрүүл мэндийн яам, эмнэлгийн удирдлагууд түргэн шуурхай хамтран ажиллах болно.
Эрүүл мэндийн салбарынхан чимээгүй л ажлаа хийж ирсэн ч элдэв янзаар сэтгэл санааны дарамтад өртүүлэх явдал гарч буй учир цаашид ийм үйлдлийг гаргахгүй байцгаая гэж олон нийтийг уриалж байна.
Ковид-19 халдварын амаргүй хүнд нөхцөлд хариуцлагатай ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудаа хаана ч өмгөөлж хамгаална.
Нэг эмч, нэг сувилагчийн нэр муугаар хэлэгдэхэд сэтгэл урагддаг эгэл эмч, Эрүүл мэндийн сайдын хувьд салбарынхнаа өмөөрөх болно.’
Ум ма ни бад ми хум