ХЭҮК: Төрийн захиргааны албан хаагчдын гурван хүн тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн

Хүний эрхийн үндэсний комисс Жендерийн тухай хуулийн дагуу УИХ-д ажлын байрны бэлгийн дарамтын талаар мэдээ өгдөг. Үүний дагуу Төрийн захиргааны албан хаагчдын дунд “ажлын байрны бэлгийн дарамт’-ын талаар судалгаа хийжээ. Төрийн захиргааны албанд нийт 19080 хүн ажилладаг ба үүний 3000 хүнээс судалгаа авахад 3 хүн тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтаж өртсөн гэжээ. Эдгээр хүмүүсээс хууль хяналтын байгууллагад 10 хувь нь хандсаны 50 хувь нь шийдэгдсэн, 10 хувь нь өөрөө буруутан болсон, үлдсэн хувь нь шийдэгдээгүй гэх мэдээлэл өгчээ.

Жендерийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Эрүүгийн тухай хуульд зааснаар ажлын байрны бэлгийн дарамтыг хошигнох, хэл амаар доромжлох, биенд нь хүрэх, удаанаар таагүй ширтэх, болзоонд урих, бэлгийн харьцаанд орохыг шаардах, орох зэрэг багтдаг байна.

Судалгааны явцад Төрийн захиргааны албанд ажилладаг 50-аас дээш насныхан онигоо ярихыг ажлын байрны бэлгийн дарамт гэж үзэхгүй гэсэн бол 30-аас дээш насныхан юуг ажлын байрны бэлгийн дарамт гэхийг мэдэхгүй гэжээ.

Харин удирдах албан тушаалтнууд ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдлэг мэдээлэл хамгийн сайн байжээ.

Хүний эрхийн үндэсний комиссын судалгаагаар судалгаанд хамрагдсан иргэдээс ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байсан боловч хаана хандахаа мэдэхгүй болон хамгаалалт сул учраас гомдол гаргаагүй байгаа тохиолдол байсан байна.

Тиймээс ажлын байрны бэлгийн дарамтыг бууруулахын тулд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дараад Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн байна. Ингэснээр алжын байрны бэлгийн дарамтын эрхзүйн орчныг боловсронгуй болгож ажлын байрны бэлгийн дарамтын талаар сургалт хийх, хохирогчийг хамгаалдаг болох, шийтгэх, хяналт тавих зэргийг хийж чадна хэмээн үзжээ.