4-12 дугаар ангийн сурагчид өнөөдөр хичээллээд амарна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сурагчдын амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу 4-12 дугаар ангийн сурагчид өнөөдөр хичээллээд амарна. Харин 1-3 дугаар ангийнхны зуны амралт тавдугаар сарын 8-наас эхэлсэн.

Эцэг эх, асран хамгаалагчид, багш, сургуулийн удирдлагуудын дунд санал асуулга явуулахад багш нарын 72 хувь, эцэг эхчүүдийн 70 хувь нь амралтыг наашлуулах болоод намар эрт хичээллэж эхлэх саналыг дэмжсэн байна. Мөн мэргэжлийн байгууллагууд болон ажил хариуцагчидтай зөвлөсөн гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлж байв.

Энэ хичээлийн жилийн хувьд улсын болон анги дэвших шалгалтыг авахгүй. Шалгалт авахгүй ч дүн гаргана. Дүнг гаргахдаа танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзнэ гэдгийг мэргэжилтнүүд мэдээлсэн. Багш нарын амралтыг зургадугаар сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөжээ.

4-12