С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэмээн ял сонссон Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэлээ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд Хяналтын шатны шүүхээр Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр 20 жил хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэлээ.

Шүүх хурал прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн шүүгч Б.Цогтын илтгэснээр хаалттай хэлэлцэж эхэлсэн. Шүүх хурал эхлэх үеэр Т.Чимгээгийн өмгөөлөгч шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн хүлээж авахаас татгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байна.

Тагнуулын ерөнхий газрын даргаасан Б.Хурц, Г.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүсийн хэргийг тус шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа Улсын ерөнхий прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах дүгнэлт бичиж, хүргүүлсэн юм. Ийнхүү дүгнэлт бичихдээ эл хуулийн 41.1-1.2 дахь хэсэгт “Шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно” гэх заалтыг үндэслэсэн аж.

Харин шинээр илэрсэн нөхцөл улмаас өмнөх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон учраас яллагдагч нарыг батлан даалтад гарган хэргийг сэргээн шалгах аж.