Б.Энхболд: Мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн цэргийн алба хаагчдын хэргийг шалгахдаа яллах болон цагаатгах нотлох баримтыг тэнцвэртэйгээр цуглуулах үүрэгтэй

ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Б.Энхболдоос сүүлийн үед цэргийн ангид гарч буй хэрэг, зөрчил болон ХЭҮК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа.

-Сүүлийн үед цэргийн ангид цэргүүд болон цэргийн ангийн дарга нь амиа алдсан хэрэг шил шилээ даран гарлаа. ХЭҮК-т цэргүүдээс болон ар гэрээс нь дарамт, дэглэлтийн талаар гомдол ирж байсан уу?

-Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн талаар гомдол мэдээллийг 24 цагаар байнга хүлээж авч ажиллаж байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд хугацаат цэргийн алба хаагчаас гомдол мэдээлэл ирээгүй байна. Энэ нь цэргийн алба хаагч гомдол, саналаа удирдлагадаа шууд гаргадаг дүрэм журамтай холбоотой байх талтай.

Харин ХЭҮК хуульд заасан чиг үүргийнхээ дагуу цэргийн анги, байгууллагын дүрмийн бус харилцаанд хяналт тавьж ажилладаг. Энэ чиг үүргийнхээ хүрээнд 2006 оноос хойш нийтдээ 120 орчим цэргийн анги байгууллагаар явж, хүний эрхийн хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх үзлэг, хүний эрхийн чиглэлээр сургалт сурталчилгааны ажлуудыг хийсэн. Энэ ажлын хүрээнд цэргийн ангид дүрмийн бус харьцаа байна гэсэн дүгнэлт хийж, зөрчлийг арилгуулж ажиллаж байна. Цэргийн анги байгууллагад хяналт шалгалт хийхэд цэргийн алба хаагчийн эрхийг ноцтой зөрчсөн, дүрмийн бус харьцсан зөрчил төдийлөн их илэрдэггүй. Нэг хоёр тохиолдол гарч байсан. Магадгүй цэргийн алба хаагчид Комиссын шалгалтын явцад бүх зүйлээ ярьдаггүй байхыг үгүйсгэхгүй. Тиймээс урт хугацаанд, тодорхой арга зүйд тулгуурласан ярилцлага, санал асуулгыг олон давтамжтай явуулж байж хүний эрхийн зөрчил байгаа эсэхийг илрүүлэх боломжтой. Комиссоос 2006 онд цэргийн албан дахь дүрмийн бус харьцааны талаар томоохон судалгаа хийж байсан. Түүнээс хойш 15 жил өнгөрсөн байна. Судалгааг шинэчилж, одоогийн нөхцөл байдлыг тодорхойлох үүднээс Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын цэргийн ангиудын төлөөлөл, сэтгэл зүйч нарыг оролцуулан томоохон суурь судалгааны ажлыг эхлүүлээд байна.

-Судалгааг хэрхэн хийх вэ?

-Өмнө нь хугацаат цэргийн албан хаагчтай ярилцлага хийх, санал асуулга авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах болсон шалтгаан зэрэг нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж  байсан. Энэ удаа  дээрх судалгаануудаас гадна цэргийн анги, байгууллагад үйлчилж байгаа нийтлэг дүрэм, журмууд болон  офицер, ахлагч нарыг бэлтгэж байгаа сургалтын хөтөлбөр нь хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэхийг судална. Мөн хугацаат цэргийн алба хаагчийн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон, хугацаат цэргийн алба хаагчийг ялгаварлан гадуурхсан, эрх чөлөөг нь хязгаарласан, мөнгө төгрөг татсан, өргөдөл гомдол гаргаж буй байдал зэрэг өргөн хэмжээнд асуудлыг авч судлах юм.

Түүнчлэн цэргийн ангид алба хааж байгаа цэргүүдээс судалгаа авах нь дүрмийн бус харьцаа байгаа эсэхийг төдийлөн ил гаргаж чадахгүй байна уу гэдэг үүднээс цэргийн албанаас халагдсан иргэдийг хамруулан улсын хэмжээнд судалгаа явуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Зэвсэгт хүчин, Дотоодын цэрэг, хилийн застав дээр алба хаасан иргэдийг оролцуулна гэсэн үг юм. Цэргээс халагдсан иргэдээс судалгаа авах нь үнэхээр цэргийн албанд юу болдог, дүрмийн бус харьцаа ямар хэлбэрээр гардаг, үүний шалтгаан нөхцөл юунд оршиж байна вэ гэдгийг илэрхийлж, судалгааны бодитой үр дүн гарна гэж үзэж байна. Судалгааны үр дүнг оны сүүлээр УИХ, МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар болон олон нийтэд нээлттэй танилцуулах юм.

-2006 онд шалгалтаар явж байхад ямар зөрчил илэрч байв. Тухайн зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Тухайн үеийн судалгааны дүнгээс харахад дүрмийн бус харьцаа түгээмэл байсан нь харагддаг. Алба хаагчийн эрүүл мэндэд халдах, зодох, дэглэх зэрэг хэлбэрээр хүнлэг бус харьцсан тохиолдлууд гарч байсан. Энэ дагуу холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохоос гадна асуудлыг үндэс  сууриар нь шийдвэрлэх зорилгоор Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэлд тусгаж, УИХ-д өргөн мэдүүлж байсан, мөн ЗХЖШ, ХХЕГ-тай санамж бичиг байгуулж, хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэж, сургалт, хяналт шалгалтын ажлыг өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлж байна.

-Сүүлд Говь-Алтай аймагт алба хааж байсан хоёр цэрэг даргынхаа амь насанд халдсан хэрэг гарлаа. Тухайн асуудалтай холбоотой цэргүүдийн ар гэрээс манай хүүхдүүд удаа дараа мөнгө шилжүүлж авч байсан ямар нэг дарамтад ороод ийм зүйл хийлээ гэж байгаа бол цэргийн анги, байгууллагаас бас өөр байр суурь илэрхийлж байна. Энэ асуудал дээр ХЭҮК хэрхэн ажиллаж байна вэ?

-2021 оны хоёрдугаар сарын сүүлээр 032-р ангид хугацаат цэргийн алба хаагчид бие биетэйгээ дүрмийн бус харьцаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. ХЭҮК-оос Ковид-19 цар тахлын нөхцөлд цэргийн ангид халдвар хамгааллын дэглэм сахих, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх, алба хаагчдыг ар гэрийнхэнтэй нь цахимаар холбогдох нөхцөл боломжоор хангах, гомдол саналыг хүлээн авч, шийдвэрлэх, цэргийн анги байгууллагад дүрмийн бус харьцаа гаргахгүй байх үүднээс сургагч багш нараар хүний эрхийн талаар сургалтуудыг эрчимтэй хийхийг анхаарч ажиллахыг ЗХЖШ, ХХЕГ-т хандаж Комиссын гишүүний шаардлага зөвлөмжийг хүргүүлж байсан. Харамсалтай нь энэ хугацаанд хоёр ноцтой хэрэг гарсан. Үүний нэг нь Зэвсэгт хүчний 326-р ангид салаан дарга нь хугацаат цэргийн ангийн ангид алба хааж байсан цэргийг зодож амь насыг нь хохироосон явлал, мөн хилийн 214-р ангид хугацаат цэргийн алба хаагчид салаан даргаа галт зэвсэг ашиглаж амь насыг нь хохироосон хэрэг. Энэ асуудал дээр ХЭҮК-оос дээрх зөвлөмжийг хүргүүлсээр байхад ЗХЖШ, ХХЕГ хангалттай арга хэмжээ авсангүй гэсэн байр сууриа илэрхийлсэн.

Цэргийн алба хаагчидтай холбоотой энэ бүх хэргүүд дээр ХЭҮК анхаарал хандуулан ажиллаж байна. Мэдээж Комиссын зүгээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаанд шууд оролцох боломжгүй ч хэрэг мөрдөн шалгах явцад хүний эрх зөрчигдөж байгаа эсэх, хуульд заасан үндэслэл журмын дагуу хүний эрхийг ханган хамгаалж байгаад Комиссын чиг үүргийн хүрээнд анхаарч байна.

Даргынхаа амь насыг хохироосон хоёр цэргийг нийгмээрээ буруутгах хандлага ажиглагдаж байна. Хэдийгээр дээрх хоёр цэрэг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг зөвтгөхгүй ч ХЭҮК яагаад ийм хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг бодитоор олж тогтоо гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Мөн хэргийг мөрдөн шалгахдаа тал бүрээс нь шалгаж яллах болон цагаатгах нотлох баримтыг тэнцвэртэйгээр хэргийн материалд авч байна уу гэдэгт анхаарал хандуулж байна. Мөн өмгөөлөгч, ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа.  Энэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзэхэд ач холбогдолтой юм.

Сүүлийн таван жилийн хугацаанд цэргийн алба хааж байхдаа 13 цэрэг амиа алдсан байна. Энэ бүх хэрэг юунаас болж гарсан шалтгаан нөхцөлийг мөрдөн байцаагч, прокурор тогтоогоод хэрэг гарсан цэргийн анги байгууллага, түүний удирдлагад мэдэгдэл явуулж шалтгаан нөхцөлийг арилгуулах арга хэмжээ авсан байх үүрэгтэй.  Яг ингэж ажиллаж байсан уу гэдгийг ХЭҮК хяналт, шалгалтын хүрээнд тогтоохоор ажиллаж байна.

-Иргэд ХЭҮК-т хэрхэн гомдол гаргаж болох вэ?

-Хүний эрхийн үндэсний комисс 7000-0222, 9205-2222 дугаараар 24 цаг мэдээлэл хүлээн авч байгаа.

Мөн цэргийн анги, байгууллагын дүрмийн бус харилцааны талаар мэдээлэл авах тусгай дугаар нээсэн. Энэ дугаарт хугацаат цэргийн алба хааж байхдаа эрх нь зөрчигдсөн, эрүүл мэндээрээ хохирсон, урт хугацаанд эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай болсон талаарх сүүлийн таван жилийн гомдол саналыг хүлээж авч байна. Иргэд олон нийт та бүхэн цэргийн албан дахь дүрмийн бус харилцааны талаар гомдол мэдээлэл байвал Комисст хандаарай. Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэд олон нийтийн оролцоо маш чухал. Бид асуудал гарсны дараа биш урьдчилан сэргийлж ажиллах нь чухал байна. Тийм ч учраас тусгай дугаар ажиллуулж эхлээд байна. Гэвч өнөөдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаагчидтай холбоотой дуудлага мэдээлэл ирээгүй байна.

-Хугацаат цэргийн алба хаагч гар утас барьдаггүй. Тэгэхээр гомдол саналаа яаж ХЭҮК-т ирүүлэх вэ гэдэг асуудалд иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

– Хугацаат цэргийн алба хаагчид утас барихгүй ч ар гэрийнхэнтэйгээ холбогдож байгаа. Тиймээс ар гэрийнхэн, найз нөхдөөрөө дамжуулан гомдол мэдээлэл өгөх боломжтой. Сэжигтэй тохиолдолд ар гэрийнхэн нь Комисст хандах ёстой. Тухайлбал, сүүлд гарсан 2 ноцтой хэргийн ар гэрийнхэнтэй нь ярилцахад, мөнгө татсан, дарамттай байна гэх мэтчлэн мэдээллийг цэргүүд ар гэртээ өгч байсан байдаг. Энэ мэдээллээ Комисс ирүүлснээр хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.

-Нийгэмд цэргийн дарга нар л цэргүүдтэй зүй бус харьцдаг гэсэн ойлголттой байсан. Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард цэргүүд нэгнийгээ гадуурхаж буй бичлэг цацагдлаа?

-Тиймээ. Дүрмийн бус харьцаа гэдэг нь цэргийн алба хаагч бие биенээ дээрэлхэх, зүй бус харьцах бүх агуулга энд багтаж байгаа. Тиймээс ч эдгээр үйлдлүүдийг эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж заасан. Ийм төрлийн хэрэг зөрчил цөөнгүй гардаг болох нь судалгаанаас харагдаж байна.  Сүүлийн 8 жилийн (2013-2021) судалгаанаас үзэхэд цэргийн албаны эсрэг гэмт хэрэг 125 бүртгэгдсэнээс 98 буюу 78.4 хувь нь цэргийн алба хаагчид бие биедээ хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн шинжтэй үйлдэл байна.

Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцсанд баярлалаа.