Машины тээшнээс олдсон 1.1 сая ам доллар ХХБ-ны мөнгө мөн эсэхийг шалгаж байна

Dollars rolled closeup. American Dollars Cash Money. One Hundred Dollar Banknotes. Lots of dollar bank notes on the table

Өнгөрсөн амралтын өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 1.1 сая ам доллар машины тээшнээс олдсон. Уг мөнгийг Худалдаа хөгжлийн банкнаас алдсан 2 сая ам долларын зарим хэсэг нь байх гэсэн таамаг цахим сүлжээнд явсан. Тэгвэл дээрх мөнгийг ямар учиртай, хэний мөнгө болохыг тогтоохоор Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа  аж.

Сануулахад: Худалдаа хөгжлийн банкны “Шангрила” дахь салбараас тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамч бичиг баримтаар үйлчлүүлж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан билээ. Залилагч эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байжээ.

Залилангийн гэмт хэргийг 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нартай бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд тэд нас барсан хүний бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн байсан. Энэ хэрэгт 10 гаруй хүнийг сэжигтнээр холбон шалгаж байгаа. Гол сэжигтнүүд болох дөрвөн хүнийг шуурхай эрэн сурвалжилж Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү нарыг тавдугаар сарын 29-ний  баривчилсан. Одоо Батсайхан овогтой Энхбаатарыг эрэн сурвалжилж байна.

Хэрэгт холбогдогч нарыг Эрүүгийн хуулийн 17.3-3.3 дахь хэсгийн хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглан, зохиомол байдлыг зориуд бий болгож, зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорьж саатуулаад байгаа.