Увс аймаг Covid-19-ийн халдвар тархалтын улмаас “Улбар шар” түвшинд шилжиж 2021.06.30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоосон. Учир нь Увс аймагтаа төдийгүй сумдаар халдвар тархалт нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Увс аймгийн төв Улаангомоос гадна Баруунтуруун, Сагил, Давст сумдын иргэдээс халдвар илрээд байгаа аж. Өчигдрийн байдлаар 100 тохиолдол бүртгэгдээд байсан бол өнөөдөр/2021.06.03/-ийн байдлаар 22 тохиолдол нэмж бүртгэгдэж нийт халдварын тоо 122 болсон байна.
Тэгвэл энэ талаар “Увс аймгийн нэгдсэн групп’-д иргэд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн болон МАН-ын дарга Ц.Батболд нарыг ковидын халдвар тарааж байж болзошгүй талаар бичсэн байна. Учир нь тэд өнгөрсөн тавдугаар сарын 29-нд халдвар авсан сумын Засаг даргатай 30 орчим минут уулзаад үргэлжлүүлэн Цагаанхайрхан, Зүүнхангай, Өндөрхангай зэрэг сумдаар явж сумын удирдлагууд болон иргэдтэй уулзжээ.
Халдвартай сумын Засаг даргын нөхөрт нь халуурах шинж тэмдэг илэрсэн боловч хариу нь сөрөг гарчээ. Харин Засаг даргын шинжилгээний хариу эерэг гарснаар гэр бүлийнхэнээс нь шинжилгээ авахад дахин хоёр эерэг гарч эмчилгээнд хамрагдаж байгаа аж.
Ирэх долоо хоногт МУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуультай холбоотойгоор УИХ-ын зарим гишүүн тойрогтоо ажиллаж байгаа. Тэгвэл Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн ч аймагтаа ажиллаж иргэдтэй уулзаж байгаа аж. Энэ нь түүнийг халдвар тарааж байна гэх хардлагыг зарим иргэдэд төрүүлж буй бололтой. Түүнийг аймгийн МАН- ын даргын хамт хурдан тусгаарлагдаж, Ковидын тухай хуулиа хэрэгжүүлэхийг хүсчээ.
С.Баяр