ДЭМБ: Вакцин эсвэл эмийн ачаар вирус устана гэж найдах хэрэггүй

Коронавирус бүрэн устах найдвар ойрын ирээдүйд байхгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. Энэ вирусийн шинэ штаммууд гарсаар байх бөгөөд үүнд дасах ёстой гэж ДЭМБ мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулсан байна. ДЭМБ-ын төлөөлөгч, доктор Дэвид Набаррогийн мэдэгдсэнээр вакцин эсвэл эмийн ачаар вирус устана гэж найдах хэрэггүй гэнэ.

“Хүмүүс энэ вирустэй зэрэгцэн амьдарч сурахаас аргагүй болно. Учир нь энэ төрлийн мутацлагдсан вирус илэрч, халдварын дэгдэлт, шинэ голомтууд гарсаар л байна. Тиймээс бид үүнд дасах ёстой’ гэж доктор Набарро Sky News агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Хятадын Ухань хотод илэрсэн коронавирусийн халдвар дэлхий дахиныг бүрхэж, өдгөө энэ халдварын тохиолдол 174 саяыг давжээ. Цар тахал дэгдсэнээс хойш энэ өвчний улмаас дэлхий даяар 3,72 сая хүн нас барсан байна.