А.Бүрэнбаатар: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн зохион байгуулагдахгүй боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь сонгууль энэ лхагва гарагт болно. Тус сонгуульд өрсөлдөж буй гурван нэр дэвшигчийн халз мэтгэлцээн өнөөдөр МҮОНТ-ээр шууд дамжуулагдан хүрэх байсан ч цуцлагдлаа.

Энэ талаар МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.БүрэнбаатарМҮОНТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Р.Тулга, “Монголын мэдээ” сувгийн захирлын үүрэг гүйцэтгэгч Х.ОтгонтуяаМҮОНР-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Бямбатогтох, “MNB World” сувгийн захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Батцэрэн нар мэдээлэл хийв.

Хурлын үеэр МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатараас дараах асуултад тодруулга авсан юм.

-Ерөнхийлөгчийн найм дахь сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан бэ?

МҮОНРТ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг зохион байгуулсаар ирсэн. 2021 оны оны сонгууль түүхэндээ анх удаа зургаан жилээр сонгогдох хариуцлагатай үе. Ийм цаг үед манай байгууллага бэлтгэл ажлаа бүрэн хангаад байв. Тайзаа олон улсын стандартын дагуу зассан. Өнгөний хувьд ч гурван нэр дэвшигчийн намын өнгөнөөс тэс өөрийг сонгосон байсан.

-“MNB World” сувгаар англи орлуулгатайгаар шууд дамжуулагдахаар төлөвлөөд байсан юм билээ …

-Тийм. МҮОНРТ-ийн нэгдүгээр сувгаар болон “MNB World” сувгаар англи орлуулгатайгаар шууд дамжуулахаар бэлтгээд байсан юм. Мөн Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалах, Монгол Улсын гадаад бодлого, Шүүх засаглал болон хүний эрх, Монголын эдийн засаг, Нийгмийн асуудал гэсэн таван сэдвийн хүрээнд мэтгэлцээнийг явуулахаар төлөвлөөд байв.

-Мэтгэлцээн цуцлагдсаны гол шалтгаан нь “Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат коронавирусний халдвар авсанд байгаа. Гэхдээ онлайнаар явуулах боломжгүй юм уу?

-“Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй нам, эвслүүд мэтгэлцээнийг хэрхэн явуулах талаар удаа дараа санал солилцсон. “Зөв ХҮН электорат” эвслийн зүгээс нэр дэвшигч Д.Энхбатыг халдвар хамгааллын дэглэм сайтар сахиулж студид авч ирж, мэтгэлцээнд оролцуулах санал гаргасан. Мөн нөгөө хоёр нэр дэвшигчийг эмнэлэгт аваачин, мэтгэлцээн явуулж болох уу гэдэг гарц гаргалгааг бид хайсан. Эсвэл явуулын станц явуулж Д.Энхбат нэр дэвшигчийг эмнэлгээс, нөгөө хоёрыг нь студид авч ирэн мэтгэлцүүлэх гурван хувилбар яригдсан. Ингээд Улсын хоёрдугаар төв эмнэлэг рүү мэтгэлцээнийг тус эмнэлгээс шууд дамжуулах боломж байгаа юу гэсэн албан бичиг явуулсан. Гэтэл тус эмнэлгээс “Ковид-19”-ийн үед улаан бүс рүү гаднын хүн нэвтрүүлэх боломжгүй. Халдвартай иргэнийг гаргахгүй” гэсэн хариу ирсэн. Тиймээс яах арга үгүй цуцлахаар боллоо.

-Тайз засалтыг бэлдэхэд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулж, хэд орчим сая төгрөг зарцуулсан бэ?

-150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багийг ажиллуулахдаа 60 орчим сая төгрөг зарцуулсан. Тэдгээр ажилчдаа бид түргэвчилсэн оношилгоогоор шинжилгээнд хамруулаад байсан юм.