МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ сарын 24-нд болох намынхаа их хурлаар залгамж халаадаа тамгаа гардуулж өгөөд маргааш нь Ерөнхийлөгчийн тангаргаа өргөнө. Тэрээр МАХН-ынханыг МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намдаа нэгтгэхдээ амласан амлалтууд яах бол гэсэн хүлээлтийг одоо МАН-д нэгдээд буй МАХН-ынханд төрүүлээд буй аж. МАН-д дагаар орсон МАХН-ын дарга Н.Энхбаяр ч сонгуулийн маргаашнаас нь сайдуудаа томилуулах, нам доторх оролцоогоо нэмэгдүүлэх, удирдах зөвлөл, бага хурал, аймаг дүүргийн тэргүүлэгчдийн суудлын квотуудаа авъя хэмээн нэхэж эхэлсэн гэх бор шувуу нисч буй.
Тэгвэл У.Хүрэлсүхийн хувьд амлалтууддаа хүрэх цаг бараг үлдсэнгүй. Бас нам доторх фракциуд нь ч МАХН-аас нэгдсэн залуусыг дуугүй хараад сайдын суудалд суулгах юу л бол. Ямартаа ч У.Хүрэлсүх 10 хүрэхгүй хоногийн дараа МУ-ын Ерөнхийлөгчийн суудалдаа тухална. Ерөнхийлөгчийн тангаргаа өргөчихвөл намын асуудалд оролцох боломжгүй болно. Өөрөөр хэлбэл “би явлаа баяртай Н.Энхбаяраа’ гээд явахаар болчихлоо.
Хэдийгээр ойрын үед ЗГ-аас хэдэн сайдыг суудлаас нь буулгаж өөр хүмүүс томилно гэх албан бус мэдээлэл байгаа ч энэ хүнд хэцүү цагт ЗГ-аар оролдох хэрэггүй гэх МАН-ын гишүүд ч байна. Хэрэв ЗГ-аас сайд нарыг соливол Н.Энхбаярын хүслийг биелүүлж түүний тойрон хүрээлэгч залуусаас томилох эсэх нь эргэлзээтэй. Түүнийгээ У.Хүрэлсүх мэдэхтэйгээ байгаа. Хуучин бууны хугархай Н.Энхбаяр нам доторх оролцоогоо нэмэгдүүлэх нь мэдээж түүний хязгааргүй хүслээ биелүүлэх мөрөөдлийн эхлэл гэдгийг захын хүн мэдэж буй. Тэгэхээр Н.Энхбаяр нам ч үгүй МАН-д оролцох оролцоо ч үгүй үлдэж мэдэхээр байна.