Ковидын хуулийг эсэргүүцэх нэг шалтгаан нь “сонгон шалгаруулалтгүй томилгоо’

Ирэх сарын нэгнээс Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт дуусах ёстой. Тэгвэл уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хэрэгжилтийн хугацааг дахин сунгах асуудлыг өчигдөр Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэж гишүүдийн дунд сунгана, сунгахгүй гэх маргаан дагуулж санал хураахад хоёр гишүүн татгалзаж бусад гишүүд дэмжсэнээр УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болов.

Зарим гишүүд Ковидын тухай хууль нь хүний эрх зөрчихөөс гадна, тус хуулиар төрийн албанд сонгон шалгаруулалтгүй ажилд орж буйг эсэргүүцсэн. Мөн ковидын хуулиар далимдуулж ЗГ дур мэдэн журам гаргаж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын мөнгийг эзнээс нь асуухгүйгээр сэгсрэх гэж байна хэмээн бичиж мэдээлж буй.

Гэвч АББХ-ны гишүүд уг боломжийг ЗГ-т олгочихлоо. Харин УИХ-ын чуулганаар гишүүд эсэргүүцсэн кноп дарж магадгүй. Учир нь энэ хуулийг АН-ын гишүүдээс гадна МАН-ын гишүүд ч дэмжихгүй гэдгээ ил цагаан хэлж байна.

Ковидын хуулийг иргэд ч эсэргүүцсээр байгаа. Учир нь Ковидын хуулийг хэрэгжүүлэх дүрэм, журмуудын  хүрээнд гаргасан хөл хорих шийдвэрийн улмаас маш олон зөрчил дутагдал гарч байв. Ил болсон нь дөнгөж төрсөн эхийг нүцгэн зөөвөрлөж буй бичлэг, 22 товчооны гадна эмнэлгийн тусламж авч чадаагүй иргэн, гадаад улсаас ирээд аав, ээж, үр хүүхэдтэйгээ уулзаж чадаагүй иргэд гээд тоочоод байвал тоймгүй их. Мөн иргэдийн эх орондоо ирэх, чөлөөтэй зорчих эрх гэх мэт.

Ковидын тухай хууль зөвхөн төрийн албаны тухай хуультай хэрхэн зөрчилдсөн талаар дурьдвал.  ТӨЗ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн мэдээллээр бол төрийн 100 гаруй газарт ковидын хуулиар төрийн албаны сонгон шалгаруулалтгүй хүмүүс томилогдсон гэх мэдээлэл өгч байв. 100 гаруй байгууллагад нийт хичнээн хүн уг хуулиар томилогдсон нь одоогоор нууц. Төрийн албаны зөвлөлөөс дээрх байгууллагуудад сонгон шалгаруулалтад тэнцсэн, нөөцөд байгаа хүнээс шаардлагатай орон тоогоо бүрдүүлэх санал хүргүүлсэн боловч тухайн газруудын удирдлагууд Ковидын хуулийг барьж хүмүүсийг томилсоор байгаа юм.

Тодруулбал төрийн албаны шалгалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн хүмүүсийн орон тоонд арын хаалгынхныгаа томилсоор байна. Ил болсон нь УИХ-ын гишүүн Б.Оюунчимэгийн хүү байсан. Түүний хүү ЭМДЕГ-ын худалдан авах ажиллагааны газрын даргаар томилогдохдоо Ковидын хуулиар томилогдсон ч, ажлын туршлага шаарлагыг хангахгүй байсан нь ил болсоноор чөлөөлөгдсөн.

Энэ мэтчилэн ковидын хууль нь хэдэн жилийн нөр их хөдөлмөрөөр төрийн албанд томилогдох сонгон шалгуурлалтад тэнцсэн иргэдийн боломжийг арын хаалганы хүмүүст олгосоор байгаа нь тус хуулийн хэрэгжилтийг сунгахгүй байх нэг шалтгаан болж байна.