Б.Махбал өршөөлд хамрагдаагүй

Ерөнхийлөгч асан Х.Баттулга зарлиг гаргаж ял эдэлж байсан 13 хүнд уучлал үзүүлсэн талаар бид мэдээллэсэн. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нарын 13 хүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас энэ сарын 24-нд сулласан билээ. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өршөөлд ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбал багтсан гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиалаар явсан. Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад “Түүнд оноосон ял хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд, суллагдаагүй’ гэв.

Хэргийг сануулахад, Б.Махбал нь ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг 2018 оны наймдугаар сарын 9-нд хөнөөсөн хэмээн шүүхээс  11 жилийн ял авсан.  Түүнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хугацаагаар хорих ял оноож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр 2020 оны тавдугаар сарын 15-нд шийдвэрлэж байв. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр /2020.08.20/ Б.Махбалд оноосон ялыг хоёр жилээр хөнгөрүүлсэн юм.