Унгар дахь монголчууд баяр наадам тэмдэглэхгүйгээ мэдэгдлээ

Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр Унгарын монголчууд баяр наадам тэмдэглэхгүйг мэдэгдлээ. Тэрбээр “Унгар улсад цар тахлын нөхцөл байдал сайжирч олон сая хүн вакцинд хамрагдсанаар тахлын 3-р давалгааг хамтдаа даван туулж “эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ” гэж их яруу найрагч Д.Нацагдоржийн бичсэнчлэн Та бүхэнтэйгээ хамтдаа сайхан наадна гэж төлөвлөж байсан билээ.

Харамсалтай нь цар тахлын нөхцөл байдал эх нутагт минь хүндэрч, хоногт 10 орчим эрдэнэт Монгол хүний амь нас эндэж, 24 цаг тутамд 2000 орчим халдвар шинээр илэрч, төр засгийн зүгээс наадмын үйл ажиллагааг үзэгчгүй зохион байгуулах, аймаг сумын наадмыг хойшлуулах шийдвэр гаргаад байгаа билээ. Эртний монгол уламжлалаар баяр наадам, бэлэгдэлт үйл явдлыг тухайн байгаа газрын бус харин эх нутгийнхаа заншил ёсны дагуу хийдэг бидний – ээж аав, ах дүү нар, элгэн Монгол түмэн маань баяр наадмаа хийхгүй байхад бид наадамлана баярлана гэж явах нь зохимжгүй төдийгүй, хамтдаа баярлаж, хамтдаа зовцгооно гэсэн нүүдэлчдийн уламжлалын эсрэг болох болов уу.

Иймд энэ удаад тус ЭСЯ-аас 7 сарын 11-ны өдөр хийхээр төлөвлөж байсан баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэж байгааг мэдэгдэж байна. Цаг үеийн байдал хэрхэн өөрчлөгдөх, төр засгийн шийдвэр хэрхэн гарахыг харж байгаад дараа хэзээ хэрхэн тэмдэглэхийг жич мэдэгдье” хэмээн бичжээ.