Сэрэмжлүүлэг: Автомашины олгой хаймар хийлж, сэлж байгаад живсэн иргэнийг эрэн хайж байна

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн Гүрмийн нуурын эрэг дээр 9 хүн аялж байснаас нэг хүн нь автомашины дугуйны дотуур хаймар хийлж нуурын усанд сэлж байгаад салхинд туугдан эргээс холдсон тухай дуудлага наймдугаар сарын 07-ны өдөр бүртгэгджээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид сумын харьяат иргэн 40 настай эрэгтэй Б нь живсэн байсан тул наймдугаар сарын 08-ны өдөр 15 метрийн тойрогт 3-4 метрийн гүнд 8 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Бороо орсны улмаас эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 18:40 цагт түр зогсоосон аж. Наймдугаар сарын 09-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.