ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан өчигдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон.
Нэхэмжлэлийг авч хэлэлцээд Д.Нямхүүгийн нэхэмжлэлийг хангах шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр Д.Нямхүү ХӨСҮТ-ийн даргын ажилд буцаж томилогдохоос гадна ажилгүй байх хугацааны цалингаа авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг улсаар төлүүлэх болж байгаа юм. Шүүх хурал нь хэд хэдэн удаа товлогдсон ч салбар яамнаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгтээ танилцах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм.