Ослын улмаас хоёр иргэн авто машины төмөр хийцэд хавчуулагдан амиа алджээ

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг,  361 дүгээр гармын төв замын хажууд өчигдөр зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүн амиа алджээ. Тодруулбал, “Ниссан Идван” загварын автомашин, “Хово” загварын автомашинтай мөргөлдөж, 47 настай Б нь автомашины төмөр хийцэд хавчуулагдаж амь насаа алджээ. Уг ноцтой осол өчигдөр 12:00 цагийн орчимд гарчээ. Онцгой байдлын алба хаагчид талийгаачийн цогцосыг гаргаж дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Мөн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг,  Угалзын-Ам гэх газарт дөрвөн зорчигчтой автомашин уулын уруу өнхөрсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас нэг хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ. Алба хаагчид ослын газарт  18:29 цагийн үед очиж талийгаач  29 настай эрэгтэй  Ж-ийн цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.