11-ээс доош насныханд томуугийн эсрэг вакцин хийнэ

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр халдварын тархалт эрчимжиж, 11-ээс доош насны вакцинд хамрагдаагүй хүүхдүүд өвдсөн тохиолдолд биеийн байдал нь богино хугацаанд хүндэрч байна. Тус насны бүлэгт хамаардаг хүүхдүүд Covid-19-өөр өвдсөн үедээ ханиад томуу болон сүрьеэтэй хавсарсан тохиолдолд амь насанд ч аюултай гэдгийг анхааруулсан. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өчигдөр /2021.9.10/  Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллах үеэрээ хүүхдийн дархлаажуулалтыг ирэх Даваа гаригаас эхлүүлэх үүрэг өгсөн байна. Одоогоор вакциныг хийж эхлэх тодорхой хугацааг баталж гаргаагүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар дархлаажуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр хэлэлцэж байгаа юм байна.

НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авсныг ХӨСҮТ-ийн дэргэдэх Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулахад хүлээлгэн өгсөн бөгөөд нэг тун вакциныг нэг хүнд хийх аж.

Томуугийн вакциныг одоогийн байдлаар 11-ээс доош насны хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөж буй. Учир нь бага насны хүүхдүүдийн халдварт өртөх эрсдэл өндөр байна. Гэхдээ томуугийн вакцинд хамрагдсан хүүхдүүд Covid-19-өөр өвдөхгүй гэсэн баталгаа байхгүй. Мөн Covid-19-өөр өвдөөд эдгэрсэн хүмүүс томуугийн дархлаажуулалтад хамрагдаж болохгүй гэсэн заалт одоогоор байхгүй аж.