Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын “FAV” компанийн захирал Хайко Шулертай уулзлаа.
Уулзалтаар мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж, Улаанбаатар хотын иргэд, залуучуудыг Герман Улсад сургалт-дадлага хосолсон тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах асуудлаар санал солилцсон юм. Уулзалтад НИТХ-ын тэргүүлэгч Д.Энхтуяа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга М.Аясгалан болон албаны төлөөлөл оролцлоо. Уг тэтгэлэгт хөтөлбөр хоёр үе шаттай явагдах бөгөөд хамрагдах хугацаа 2.5 жил байхаар төлөвлөжээ. ХБНГУ-ын мэргэшсэн ажилтан бэлтгэх Тюренгиний агентлагийн санал болгож буйгаар хэлний суурь шалгуурыг хангасан суралцагчдыг тус тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломжтой юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Монгол Улсад нэн шаардлагатай байгаа мэргэжлийн судалгааг нарийвчлан гаргах нь чухал. Цахилгаанчин, засварчин зэрэг мэргэжлийн боловсон хүчин Монголд хэрэгтэй байгаа. Энэ төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг 60 гаруй сургалтын байгууллага манай улсад бий. Герман Улстай хамтран хэрэгжүүлэх төслийн гол онцлог нь сургалтаа дуусгаад, тухайн улсдаа үргэлжлүүлэн ажиллах, мөн дараагийн шатны сургалт буюу магистрын түвшинд суралцах боломж олгож байгаа нь юм” хэмээн ярив.
Харин ХБНГУ-ын “FAV” компанийн захирал Хайко Шулер “Герман Улс Монголтой олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаад баяртай байдаг. Бид хамгийн гол нь хэл сурах, өөртөө цаг гаргах зоригтой хүүхдүүдийг сургах хүсэлтэй байна. Тэтгэлэгт хөтөлбөрийг бид таван улсад хэрэгжүүлэх гэж байгаагийн нэг нь Монгол. Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн 95 хувь нь сургалтаа амжилттай төгсдөг” гэлээ.
Тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Герман Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, ажил олгогчдын холбоо зэрэг байгууллагууд нэгдсэн бөгөөд суралцагчид өдрийн талд хичээлдээ сураад, бусад цагт нь ажил хийх боломжтой байхаар төлөвлөж байгаа юм байна.