Б.Баатархүү: Э.Цэндбаатарын зодуулсан гэх дуудлагын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар хүнд жинд тоглож байсан тамирчид гэх этгээдүүдэд зодуулсан хэрэг гарсан. Харамсалтай нь түүнийг зодуулсаны маргааш нь Боксын холбооноос түүнийг тус холбооноос хасч байна гэдгээ мэдээлсэн юм.

Э.Цэндбаатар энэхүү шийдвэрийг хүндэтгэж байгаа ч дэлхийн аваргад оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл тус холбоог донсолгосон асуудалд Ерөнхийлөгчөөр сонгогдож, Ковидын тухай хуулиа зөрчин олон хүн хоолонд оруулсан хууль зүйн сайд Х.Нямбаатарыг буруутай хэмээн иргэд өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан бичсээр буй. Харин хууль зүйн сайд энэ асуудалд дараах тайлбарыг хийсэн.

Тэрбээр “Есдүгээр сарын 5-ны өдөр Монголын боксын холбооны бага хурал болсон. Бага хурлаар намайг Боксын холбооны Ерөнхийлөгчөөр сонгосон. Бага хурал дууссаны дараа “Элит” төвд 130 хүн хоолонд ороод тарсан. Ням гарагийн шөнө 02:30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага ирсэн байдаг. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага очиход тэнд цаг хэтрүүлж сууж, архидан согтуурсан, зодолдсон байдалтай байсан. Цагдаагийн байгууллагаас тухайн үед зөрчил гаргасан хүмүүсийг саатуулан шалгаж байна гэсэн мэдээлэл байна.

“Улаан бал’ нэвтрүүлгийн шторк дээр Монголын боксын холбооны хурлын миний бие зохион байгуулж, хоол идүүлж, архидалт зохион байгуулсан мэтээр эвлүүлэг монтаж явуулсан байна. Тухайн үед ямар ч тийм үйл явдал болоогүй. Нэвтрүүлгээ олон хүнд хүргэхийн тулд монтаж хийж, сэвсэн зүйл харагдаж байгаа.

Монголын боксын холбооны удирдах зөвлөл 19 гишүүнтэй. Удирдах зөвлөлөөс удаа дараа Э.Цэндбаатартай холбоотой сануулга, анхааруулгах өгөх асуудал яригдаж байсан юм билээ. Найрамдал зусланд болсон улсын шигшээ багийн цугларалтыг хаяж явсан. Ковид-19-ийн үеийн халдвар хамгааллын дэглэм зөрчсөн. Өнгөрсөн жил сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн, Хандгайтад болсон цугларалтыг орхин явж зодоонд холбогдсон. Ойролцоогоор Э.Цэндбаатартай холбоотой 4-5 зөрчил байсан. Үүнтэй холбоотойгоор бусад баг тамирчиддаа буруу үлгэр дууриалал үзүүлж байгаа хэмээн үзэж УЗ-ийн гишүүд саналаа оруулж ирсэн. Би хурлыг даргалж, хамтын шийдвэр гаргасан.

Шигшээ багт аль эсвэл боксын спортоор хичээллэж байгаа тамирчид дундаас Э.Цэндбаатараас өөр нэг ч хүн байгаагүй. Бусад нь бүгд зодог тайлсан хүмүүс байсан гэх мэдээлэл өгсөн.

Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэр зөв гэдэгт одоо ч бат байр суурьтай байгаа. Яагаад гэвэл спорт бол сахилга бат байдаг. Хэрвээ сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн хэлж байгаачлан Монголын боксын холбооны шийдвэрийг өөрийнхөөрөө тайлбарлаад байвал холбоо байх шаардлагагүй” гэсэн билээ.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад:

-Тус хэрэг гарсан оройноос эхлээд цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа хийж байна. Э.Цэндбаатарыг боксын хүнд жингийн тамирчид болох Д.Идэрбат, Ц.Мөнхчулуун нар зодсон гэх мэдээлэл гарсан. Одоогоор яг хэн буруутай гэдгийг тогтоох боломжгүй. Шалгалтын шатанд явж байна. Э.Цэндбаатарын гэмтлийн зэргийг тодорхойлох Шүүх эмнэлгийн дүгнэлт, хариу гарсаны дараа Эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдана гэлээ.