Ж:Батбаясгалан: Буруу хүрдтэй машин импортлохыг хориглох хүсэлт иргэдээс маш их ирж байгаа

Нийслэлчүүдийн хувьд авто замын түгжрэлд өдрийн тэн хагасыг зарцуулдаг болоод удаж буй. Нийслэлийн үе үеийн удирдлагууд ч энэ асуудлыг шийдэх гарц гаргалгаа хайсаар буй. Хэдийгээр ажлын таван өдөр машинуудыг ээлжлэн дугаарыг нь хязгаарлаж буй ч түгжрэл буурахгүй хэвээр байна. Шаардлагатай тохиолдолд буюу 9 сарын нэгэн зэрэг автомашины ачаалал ихэсдэг үеүдэд тэгш, сондгойгоор хязгаарладаг. Сүүлийн хэдэн жил буруу хүрдтэй автомашины импортыг хориглох тухай яриа гарч иргэдийг бухимдуулж, талцуулаад авсан.

Тэгвэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын  дарга Ж.Батбаясгалан нэгэн сайтад ярилцлага өгөхдөө буруу хүрдтэй авто машины импортыг хориглох хуулийн төсөл боловсруулж байгаа талаар ярьжээ. Тэрээр “Монгол Улсын хэмжээнд баруун, зүүн хүрдтэй авто машины харьцаа хэтийдчихсэн байна. Зөвхөн Улаанбаатар хотод 650 орчим мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Гэхдээ буруу хүрдтэй машины импортыг хориглохдоо эхлээд хугацаа заах ёстой. Өнөөдөр шийдвэр гаргаад маргааш гэнэт зогсоох боломжгүй. Сангийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, Засгийн газар дээр энэ асуудлууд яригдаад одоогийн байдлаар хугацаа, зохицуулалтын асуудал ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, ирэх жилээс хориглоно ч гэдэг юм уу асуудал байхгүй. Ямар ч байсан ойрын хугацаанд үүнийг шийдье гэдэг нэг чиглэл рүү бүгд харж чадсан. Үүнийг шийдэхэд бүх салбарын оролцоо хамааралтай. Хамгийн чухал нь иргэдийн оролцоо. Шууд өнөөдөр хориглох боломж байхгүй. Салбар яамд, нийслэл, Засгийн газар, УИХ гэсэн үе шаттай явах учраас одоо ярихад эрт байна. Нөгөө талдаа иргэд ч энэ талаар маш их санал гаргаж байгаа’ гэжээ.