Байрны мөнгийг сар сард нь авна хэмээн иргэдээс 30 орчим сая төгрөг залилжээ

      Орон сууцны эзэмших эрхийн бичгийг хуурамчаар үйлдэж бусдад түрээслэх замаар залилан хийдэг этгээдүүдийг Мөрдөн байцаах албаны ажилтнууд илрүүлж, шалгалтын ажиллагаа явуулж байна. Урьдчилсан байдлаар тус этгээдүүд 10 орчим удаагийн үйлдлээр бусдад 30 орчим сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ.
Тэд байрны эзэмших эрхийн бичгийг зориулалтын цаас ашиглаж, эх хувиас нь ялгарахын аргагүй хийдэг гэнэ. Мөрдөн байцаалтын явцад хэвлэлийн компанийн ажилтнуудтай хамтран ажилласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэгчид байрлал сайтай орон сууцыг сонгон авч, олон нийтийн сүлжээ болон сонинуудад зар тавьдаг байна. Ингэхдээ тэд зах зээлийн ханшнаас доогуур, барьцааны мөнгө шаардахгүйгээр сар сард нь төлбөрөө төлж суухыг санал болгож, газар дээр нь мөнгө авч залилан хийдэг аж.