Удаа дараа дээрэм хийсэн этгээдийг баривчилжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд, эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж гар утас, цүнхийг нь дээрэмдэж, 10 орчим автомашины цонхыг хагалж эд зүйл хулгайлсан 25 настай А гэгч этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Шалгалтын явцад сэжигтэн А нь дараах гэмт хэргүүдийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Тухайлбал,

  • Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А гэх эмэгтэйг 2021 оны аравдугаар сарын 2-ны өдөр нярай хүүхдийн хамт гэртээ байхад нь хутга тулган айлган сүрдүүлж хүчиндсэн,
  • Баянгол дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны аравдугаар сарын 3-4-нд шилжих шөнө Г гэгчтэй хамтран 15-16 насны гурван хүүхдийг айлган сүрдүүлж, гар утас эд зүйлийг нь дээрэмдсэн,
  • Баянгол дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах … дугаар байрны орцонд 2021 оны аравдугаар сарын 4-5-нд шилжих шөнө иргэн эмэгтэй С-ийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулан төмрөөр зодож гар утас, цүнхийг нь дээрэмдсэн,
  • Баянгол дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрээс 30 орчим, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 10 орчим автомашины цонхыг хагалж эд зүйл хулгайлсан үйлдлүүд тус тус тогтоогдсон байна.