Э.Мөнхгэрэл: Эрх бүхий хоёр албан тушаалтан төрд учруулсан хохирлоо сайн дураараа барагдуулсан

ТАЗ-ийн маргаан хянан шалгах хэлтсийн реферэнт Э.Мөнхгэрэлээс төрийн эрх бүхий албан тушаалтан хууль бусаар ажлаас халсаны улмаас төрд учруулсан хохирлын талаар тодруулга авлаа.

-Төрийн албаны эрх бүхий албан тушаалтан хууль бусаар төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлвөл учирсан хохирлыг тухайн албан тушаалтан төлдөг. Сүүлийн үед төрийн албанаас хууль бусаар халагдсан гэх гомдлуудыг шалгаж байгаа гэсэн. Төрийн албаны зөвлөл нийт хичнээн эрх бүхий албан тушаалтнаас, хичнээн төгрөгийн хохирол барагдуулах нэмэхжлэл гаргаад байна вэ?

-Төрийн эрх бүхий 102 албан тушаалтан 2019-2020 онд төрд  504 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл халсан, чөлөөлсөн, түр чөлөөлсний улмаас төрд учруулсан хохирол. Харин томилсны улмаас төрд учирсан хохирлыг  ТАЗ нэхэмжлэх эрхгүй.

-Хохирол барагдуулсан хэд байна вэ?

-Хохирол барагдуулах долоон эрх бүхий албан тушаалтан 60 сая төгрөг төлөхөөр байгаа. Шүүхдэхгүйгээр хохирол барагдуулсан хоёр албан тушаалтан бий.

-Одоо төрийн албан хаагчдыг хууль бусаар халсан хүмүүс ажиллаа хийж байгаа юу.

-Байгаа. Сайд хүртэл бий.

-Түрүүн мэдээлэлд цухас дурьдагдлаа. ЭМЯ-наас дахин гомдол ирсэн гэж. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Эрүүл мэндийн яам 2020 оны 12 дугаар сарын 25-нд “Бүтцийн өөрчлөлт” хийж ажилтнуудаа чөлөөлөөд буцаагаад томилсон байдаг. Ингэхдээ 15  орчим ажилтныг ЭМДЕГ-т шилжүүлсэн байдаг. Тухайн 15 иргэн ТАЗ-д гомдол гаргасан. Үүнийг нь ТАЗ шалгаад ТАТХ-ийг зөрчин шилжүүлэн томилсон байна гэдгийг тогтоогоод ЭМЯ-нд буцааж томилох хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Эрүүл мэндийн яаманд өгсөн хугацаа дуусч манайхаас дараагийн арга хэмжээ авах гэж байтал  тухайн иргэд шүүхэд хандсан. Тухайн иргэд шүүхэд хандсан учраас ТАЗ дараагийн арга хэмжээ авахаас түдгэлзэхээс өөр аргагүй болсон.  Дээрх ирргэдийн хэрэг шүүхэд явж байгаа.

Гэтэл ЭМЯ өнгөрсөн 8 дугаар сард дахин бүтцийн өөрчлөлт хийж бүх хүмүүсээ томилж чөлөөлөхдөө хэдэн хүн гээгээд томилчихсон. Энэ хүмүүсийн гомдол шалгагдаад явж байна.

-Нийт хичнээн хүнийг гээгээд томилчихсон юм бол?

-Манайд бол дөрвөн хүний гомдол ирсэн. Гэхдээ эдгээр дөрвөн хүний гурав нь 2020 оны 12 дугаар сард Ковидын хуулиар хууль бусаар томилогдсон хүн байсан. Тодруулбал төрийн албаны шалгалт өгөөгүй тийм хүмүүс. Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчигдсөн эрхийг хамгаална гэж заасан учраас дээрх гурван иргэний эрх ашгийг хамгаалахгүй гэсэн хариу өгсөн байгаа.