Д.Монголхүүг сулласан ч тодорхой хүнтэй уулзахыг хоригложээ

“Nodoublestandart’ жагсаал зохион байгуулахдаа хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн цагдан хоригдоод байсан Д.Монголхүүг суллах шийдвэр гарчээ.
Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийн нотлох баримтуудыг судалж үзээд, Д.Монголхүүд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.
Мөн хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Монголхүүгийн холбогдсон гэмт хэргийн шинжийг харгалзан, цаашид үргэлжлүүлэн цагдан хорих шаардлагагүй тул түүнд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдөр (2021.11.03)-өөс эхлэн өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1. 3-т зааснаар тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Сануулахад: АН-ын дарга асан С. Эрдэний хүү Одбаяр болон иргэн Д.Монголхүү нарыг “Nodoublestandart’ цуглаан зохион байгуулахдаа хууль сахиулагч нарын тавьсан шаардлагыг зөрчсөн хэмээн бууруутгаж 30 хоног тасан сэргийлэх арга хэмжээ авсан.

Э.Одбаярын 30 хоног хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг эсэргүүцэн өлсөглөн зарласан бөгөөд биеийн байдал нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн. Харин Д.Монголхүүг үргэлжүүлэн хорьж байсан боловч Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Монголхүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны аравдугаар сарын 29-ний өдөр хүлээн авч өчигдөр/2021.11.03/ өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал товлож, прокурорын санал, өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд ийнхүү сжллах шийдвэрийг гаргасан байна.