Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хотын захын хорооллуудад байрлаж буй эмийн сангуудад хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтын үр дүнгийн талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээллээ. Тэрээр “НМХГ-аас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг нийслэлийн алслагдсан байршилд үйл ажиллагаа явуулж буй 120 орчим эмийн санд хяналт хийлээ.
Импортоор орж ирдэг 25-30 төрлийн эм ховордсон байна. Түүнчлэн дотоодын хоёр үйлдвэрийн эм бэлдмэл хомстжээ.
Үнийн хувьд, эмийн сангууд 10-30 хувийн нэмэгдэлтэй байхаар тооцдог юм байна. Гэтэл вирусийн эсрэг эмийг тогтоосон үнийн дээд хязгаараас 300-2500 төгрөгөөр хэтрүүлэн нэмж худалдаалж байсан зөрчил илэрсэн.
Бид нийт 87 зөрчил илрүүлж газар дээр нь 42-ийг нь арилгуулсан. 22 аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Гурван эрх бүхий алба хаагчид арга хэмжээ авсан. Мөн гарал үүсэл тодорхойгүй эм худалдаалж байсан нэг аж ахуйн нэгжид болон тусгай зөвшөөрөлгүй иргэнд эм худалдаалсан эмийн санд торгууль ногдуулсан. Мөн “Ариун монгол” компанийн 0.5гр болон 1 кг-аар савласан “Норов 7”, “Мана 4” танг Монгол улсын эмийн жагсаалтаас хасуулах санал хүргүүлсэн. Энэ хоёр тан ийм хэмжээтэй савалгаатай эмийн сангуудад очихоор нэг удаа ууж хэрэглэх хэмжээгээр савлагдаж зарагдаж чадахгүй байна. Тиймээс бид эмийн сангууд иргэдэд савлаж өгдөг биш тус танг үйлдвэрлэж байгаа компани иргэд шууд авч хэрэглэж болохоор хэмжээнд савлаж хүргүүлэх саналыг эмийн агентлэгт хүргүүлсэн” гэлээ.