Нийслэлийн цэцэрлэгүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

Нийслэлийн Боловсролын газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/78 дугаар тушаалаар батлагдсан Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх удирдамжийн дагуу зайн хэлбэрээр болон ажлын байран дээр халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зөвлөн туслах үйлчилгээг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Нийслэлийн Боловсролын газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүд Баянгол дүүргийн  88, 89, 195, Баянзүрх дүүргийн 3, 128, 199, 202, Сүхбаатар дүүргийн 17, 150, 248, Хан-Уул дүүргийн 49, 134 дүгээр цэцэрлэгүүдэд харьяа дүүргийн Зөвлөлдөх багийн гишүүдийн хамт “Цэцэрлэгийн менежментийн болон сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт”-ийн чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар коронавируст халдварын улмаас үүссэн сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг илрүүлэн шийдвэрлэх, ололт амжилт сайн туршлага, технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд нь арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Зөвлөлдөх баг”-ийг байгуулсан. Тус “Зөвлөлдөх баг” нь нийслэл, дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд болон сургагч багш нараас бүрдсэн бөгөөд 2 дахь хичээлийн жилдээ төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд зөвлөн туслах ажлыг хэрэгжүүлж байна.

Энэ хичээлийн жилд судлагдахуун тус бүрээр 25 зөвлөлдөх багийн 403 гишүүд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна. Багийн гишүүн бүр сургалтын хөтөлбөр боловсруулах, агуулга арга зүйн даалгаврын сан бүрдүүлэх, үнэлгээ хийх, сургалтын орчин бүрдүүлэх зэрэг чиглэлээр өөр өөрийн үүргийг гүйцэтгэн зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллах юм гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.