Шатахуун ачсан автомашиныг Дөрөлж нуураас татан гаргалаа.

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн Дөрөлж нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км/-т шатахуун ачсан автомашин /чиргүүлтэй/ “Дөрөлж” нууранд живсэн тухай дуудлагаар Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан 26 алба хаагч, 4 автомашинтай, сумын Засаг даргын Тамгын газраас 5 хүн, 3 автомашинтай, аймгийн Нэмэн Шатахуун түгээх станцаас 4 хүн 2 автомашинтайгаар нийт 4 өдөр ажиллаж мөсийг 100 метр гудамлаж, 5 метр өргөнтэй хөрөөдөж шатахуун ачсан автомашиныг амжилттай татан гаргалаа.  Нуурын мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байв.

Гол мөрнүүдийн мөсний түвшин мал тууварлах, ачаа тээвэр хийх хүртэл хэмжээнд бэхжээгүй байгаа тул иргэд мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байх, бага насны хүүхдүүдийг гол нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.