УИХ: МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг хэлэлцэнэ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн(2022.01.12) хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцсэний нэг нь “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл байв.  Тус хорооны гишүүд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Д.Жавзандорж, Н.Онон нарын нэрийг дэвшүүлэх эсэхийг хэлэлцээд олонх дэмжсэн тул өнөөдөр /2022.01.13/  уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн /МҮОНРТ/ Үндэсний зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-нд  дууссан. Тиймээс  МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Д.Жавзандорж, Н.Онон нарын нэрийг дэвшүүлэх санал оруулжээ. Д.Жавзандорж багш мэргэжилтэй бөгөөд түүх, уламжлал, ёс заншлын салбарт нэр дэвшсэн бол Н.Онон жүжигчин, эрх зүйч мэргэжилтэй, соёл урлагийн салбарт нэр дэвшсэн.

НЭР ДЭВШИГЧДИЙН ТАНИЛЦУУЛГА

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Д.Жавзандорж нь 42 настай.

  • 1998-2012 он хүртэл Энэтхэг улсын буддын шашны Гомон гүн ухааны их сургуулийг төгссөн.
  • 2012-2019 он хүртэл дээрх сургуульд багшилсан.
  • 2020 оноос Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашинтны дээд сургуулийн сургалтын албанд одоог хүртэл багшилж байна.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Н.Онон, 53 настай.

  • 1987-1991 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн,
  • 1991-2000 он хүртэл Драмын улсын эрдмийн театрт жүжигчин,
  • 1999-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн,
  • 1996 оноос одоог хүртэл “Х-ТҮЦ” уран бүтээлийн нэгдлийн захирал,
  • 2020 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа аж.
  • Д.Гэрэлээ