Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БОАЖ-ын сайд Н.Уртнасанд муу дүн тавьж багаасаа “хөөв’

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.01.17/ хуралдаж, БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд  Ц.Батбаяр, Төрийн нарийн дарга Д.Ганболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүнийг чөлөөлөх гол үндэслэл агаар бохиjдолтой холбоотой аж.

Н.Уртнасан тус яамны сайдаар жил гаран ажиллах хугацаандаа Ерөнхий сайдын чихийг хамгийн ихээр халууцуулж байсан. Тэр бүрт нь түүнийг чөлөөлнө гэх бор шувуу үргэлж ниссээр ирсэн билээ.

Тэрээр томилогдсон цагаасаа эхлэн төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлж, төрийн жинхэнэ албанд ажиллах шаардлага шалгуур хангахгүй хүмүүсийг томилж байсан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс түүнд албан тоот хүргүүлж байсан удаатай.

Уг нь төрийн жинхэнэ албан хаагчдыг Засгийн газрын эрхзүйн байдлын тухай хуулиар Төрийн нарийн бичгийн дарга нь томилж, чөлөөлөх үүрэгтэй ч тэрээр ТНБД-ын тамгыг авч цоожилж хүссэн тушаал шийдвэрээ гарган дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байсан нь ч бас түүнийг чөлөөлөх үндэслэлийн нэг болсон бололтой.

Түүний чөлөөлсөн хүмүүс одоо болтол шүүхээр явж байгаа бөгөөд буцааж ажилд нь томил хэмээн Төрийн албаны зөвлөл сануулсаар байсан билээ.

Тэгвэл Ерөнхий сайд өнөөдөр түүнд болон багийнханд нь муу дүн тавьж өөрийн багаасаа гаргачихав.

Хамгийн сүүлд тэрээр гэр хорооллын айлыг дроноор хянана хэмээн иргэдийн бухимдлыг нэлээдгүй төрүүлээд авсан билээ.

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Мэдээж ЗГ-ын нэг сайдын муу ажиллаж буй нь Ерөнхий сайдын ажилд нөлөөлсөн учир өнөөдөр ийнхүү багаасаа “хөөх’ шийдвэр гаргачихав.

Цаашид замын түгжрэл, ачаа тээвэр, шатахууны асуудлаас үүдэн нэлээн хэд хэдэн  сайдын суудал ч ганхаж магадгүй байна. Ерөнхий сайд Н.Уртнасан сайдыг багаасаа хөөж бусад муу ажиллаж буй сайд нартаа ч анхааруулга өгч буй байж болох юм.

Уг бор шувуу үнэн эсэхийг цаг хугацаа харуулах биз.

Тэгэхээр

 

Д.Гэрэл