Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийг Оцүка Ичиро дасгалжуулна

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийг удирдаж байсан Япон мэргэжилтэн Шүичи Масэ эрүүл мэндийн шалтгаанаар нутаг буцсан.

Тэгвэл Монголын хөлбөмбөгийн холбоо болон Японы хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд Токио талаас шинэ мэргэжилтэн санал болгожээ.

Улмаар Оцүка Ичиро үндэсний шигшээ багийн шинэ ахлах дасгалжуулагчаар ажиллахаар манай улсад өнгөрсөн шөнө ирлээ.

Өдгөө 57 настай Япон эрхмийн хувьд 2023 оны нэгдүгээр сар хүртэл нэг жилийн гэрээтэй ажиллана.

Японы хөлбөмбөгийн холбооны албан ёсны цахим хуудаснаа “Манай холбооны Азийн хөлбөмбөгт оруулах хувь нэмэр, үйл ажиллагааны хүрээнд холбооноос томилогдон Монголын үндэсний шигшээ болон 23 хүртэлх насны шигшээг удирдсан Масэ Шүичи нүдний хагалгаанд орсон. Тэрбээр Японд эрүүл мэндийн хяналтад байх шаардлагатай болсон тул албан тушаалаа хүлээлгэн өглөө. Цаашид Японд үргэлжлүүлэн ажлаа хийнэ” гэжээ.