Улсын дээд шүүх Ш.Сайхансамбуугийн намыг бүртгэсэнгүй

Нарантуул захын эзэн, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн шинэ нам болох Ардын чуулган намыг  Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзжээ. Учир нь  Ардын чуулган намаас 807 гишүүнтэй гэх жагсаалтыг Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д заасан шаардлага (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг)-ыг хангаж байгаа эсэхийг шалгахад 315 гишүүний мэдээлэл нь улсын бүртгэлийн мэдээллээс зөрүүтэй байжээ.

Мөн Улс төрийн намын тухай хуулийн 10.1.3-д заасан улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн тус намын гишүүд нь өөр намын гишүүнчлэлгүй байх шаардлага хангасан эсэх, Ардын чуулган намын гишүүн мөн эсэхийг түүврийн аргаар тус намын гишүүний жагсаалтад буй 65 хүнтэй шүүхээс холбогдож “Ардын чуулган намын гишүүнчлэлтэй” эсэх талаар тодруулахад Ардын чуулган намын гишүүн биш, бүртгэлд гарын үсэг зураагүй гэж 15 хүн, өөр намын гишүүн (МАН, АН, МАХН) гэж 5 хүн тус тус мэдэгджээ.

Өөрөөр хэлбэл, нийт 807 гишүүнтэй гэх жагсаалтаас дээрх байдлаар зөрчилтэй хүмүүсийг хасч  тооцвол Улс төрийн намын тухай хуульд  заасан тоонд хүрээгүй учраас УДШ бүртгэхээс ийнхүү татгалзжээ.

Сануулахад:  Ш.Сайхансамбуу нь  МАН-аас УИХ-д нэр дэвшин нэг удаа сонгогдож байсан. Тэрээр дахин тус намаас нэр дэвшсэн боловч сонгогдож чадаагүй билээ. Улмаар тэрээр  МАН-ын  намаасаа салан тусгаарлаж, Үнэн ба зөв намыг үүсгэн байгуулж байв. Гэвч Үнэн ба зөв намаа “тэмцэгч” А.Отгонбаатарт өгч, нэг хэсэг улс төрөөс хөндийрсөн. Тэгвэл Ш.Сайхансамбуу улс төрд эргэн ирэхээр шийдсэн ч  дахиад  нам байгуулах хүсэл нь ийнхүү бүтэлгүйтэв.