Хууль зүйн сайд Х.Нямбаатар цагдаагийн албан хаагчдын эхнэрүүдийн төлөөлөлтэй уулзжээ

Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Цагдаагийн албан хаагчдын эхнэрүүдийн групп”-ийн төлөөлөлтэй дараах асуудлын хүрээнд уулзжээ.

  • Цагдаагийн албан хаагчдын цалинг нэмэх
  • Илүү цагийн хөлс тооцох
  • Нийгмийн асуудлыг шийдэх, тэр дундаа орон сууцны хөнгөлөлттэй хөтөлбөрт хамруулах
  • Ажлын байрны ачааллыг тэнцвэржүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг бүсгүйчүүд сайдад уламжилжээ.

Тэрээр “Гишүүдийнхээ саналыг нь аваад, нэгтгээд аваад ирсэн байна. Гаргаж тавьж буй эдгээр асуудал бодит амьдрал, дан ялангуяа хуулийн байгууллагын алба хаагчдын гэр бүл бүрд тулгардаг бэрхшээл, нэмэлт хачиргүй үнэн. Цагдаа ачаалалтай, хүнд нөхцөлд ажиллаж байгаа нь мөн үнэн. Цагдаа нарын үүрэг оролцоо аливаа ажилд ямар түвшинд байдгийг бид бүгдээрээ цар тахлын дэглэмийн үед харсан.

Тиймээс ХЗДХЯ өнгөрсөн жил гаруйн хугацаанд хангамж, ажлын орчныг сайжруулахад багагүй анхаарч ажиллалаа. Цаашдаа төлөвлөсөн ажлуудаа үргэлжлүүлнэ. Тухайлбал, ирэх жилүүдэд цагдаагийн алба хаагчийн ажлын орчин нөхцөл, өмсөж буй хувцас, хэрэгслийн чанарыг сайжруулах, орон сууцны төсөл хөтөлбөрт хамруулах гээд цөөнгүй арга хэмжээ төлөвлөснөө танилцуулж, ярилцлаа. Группийн төлөөлөл гишүүдийнхээ санал хүсэлтийг бичгээр өгөх болсон, бид судална, нөөц бололцоондоо тулгуурлаж, үе шаттай бодит ажил болгоно” гэлээ.