Шүүхийн сахилгын хороо Шүүгч нарын хүсэлтээр хурлаа 14 хоног хойшлуулжээ

Шүүхийн сахилгын хороо  өчигдөр 16:00 цагт “Нэхүүл”, “Дархан Монгол Ногоон нэгдэл” ТББ-аас нэр бүхий зургаан шүүгчид хариуцлага тооцох тухай гомдлыг хэлэлцэх байсан боловч 14 хоногоор хойшлуулжээ. Учир нь нэр дурьдагдсан зургаан шүүгчээс эрүүл мэнд болон бусад асуудлаар хойшлуулах хүсэлт гаргасныг нь Шүүхийн сахилгын хороо хянаад хойшлуулах үндэслэлтэй гэж үзсэн байна.

Хариуцлага тооцох гомдолд нэр дурьдагдсан шүүгчид:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг

Сануулахад: Дээр нэр дурьдагдсан шүүгчид Өмгөөлөгч Б.Баасанцогтын зүй бус үйлдэл гаргаж буй бичлэгийн үед хамт байсан нь нотлогдсон гэх мэдээлэл бий.

Мөн дээрх төрийн бус байгууллагуудын гомдлын дагуу өмнө нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт шүүгчийн албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт зургаан сарын хугацаагаар 30 хувь цалинг бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан юм.