Д.Баатарсайхан: Хууль зөрчиж томилогдсон албан хаагчийн цалинг олгохгүй

Сүүлийн хоёр жил төрийн байгууллагууд Төрийн албаны тухай хуулийг уландаа гишгиж төрийн албаны шаардлага шалгуур хангахгүй иргэдийг ажилд томилж байгаа талаар бид мэдээлж байсан. Ингэхдээ Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх,  нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хууль тогтоомжийг үндэс болгож буй.

Уг нь дээрх хуулийг цар тахлын үед эрүүл мэнд, онцгой байдал зэрэг төрийн тусгай чиг үүргийн байгууллагын ажилтнуудыг томилох үед хэрэглэхээр батласан боловч төрийн байгууллагууд хавтгайруулан хэрэглэж ТАТХ-ийг зөрчин томилгоо хийсээр байгаа юм.

ТАЗ-өөс төрийн албанд ажиллах шаардлага шалгуур хангахгүй томилогдсон иргэдийн цалин хангамжийг олгохгүй байх шийдэлд хүрч байгаа аж. Энэ талаар бид Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханаас тодруулллаа.

-Төрийн албаны шаардлага шалгуур хангахгүй томилогдсон иргэдийн цалин хөлсийг олгохгүй гэсэн. Та энэ талаар мэдээлэл өгөөч?

-ТАЗ  хуулийн дагуу Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн нэгдсэн тогтолцоотой болж байгаа. Ингэснээр ТАХ-ын ангилал, зэрэглэл, цалин хөлсний тогтолцоо, ажилд томилогдсон байдал, олгодог нэмэгдлийг хянах систем ажиллаж эхэлнэ. Мөн төрийн албан хаагчдын цалин хөлсний системийг Сангийн яамны төсвийн ситемтэй холбосон.

Бид тухайн хууль зөрчиж томилогдсон иргэдийн цалинг хаахаас өмнө эхлээд өөрт нь болон томилсон албан тушаалтанд мэдэгдэх хуудас хүргүүлнэ. Өөрөөр хэлбэл хугацаатай үүрэг даалгавар өгнө. Хууль зөрчиж томилсон албан тушаалтан тухайн хүнийг чөлөөлөхгүй бол тухайн албан тушаалтныг томилсон хүнд бас албан бичиг хүргүүлнэ. Тодруулбал энэ дарга хууль зөрчиж томилгоо хийчихээд тухайн зөрчилөө арилгахгүй байна гэсэн албан бичиг.

Ингээд шат шатны удирдах албан тушаалтанд мэдэгдэх хуудас хүргүүлээд тухайн хууль зөрчиж томилсон албан хаагчийг чөлөөлөхгүй бол ТАЗ-өөс цалинг нь хаана. Ингэж байж ТАТХ-ын хэрэгжилтийг хангадаг болгохгүй бол хууль зөрчиж буй асуудал маш их байна.  Гэхдээ энэ систем 24 оноос бүрэн ажиллана.

Д.Гэрэлээ