Улсын хэмжээнд 2022 оны эхний хоёр сард цагдаагийн байгууллагад нийт 7866 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3868 нэгжээр буюу 96.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Н
Цагдаагийн байгууллагаас архины зохисгүй хэрэглээг багасгах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг зөв үйлдэлд уриалах зорилгоор энэ оны гуравдугаар сарын 04-ний өдрөөс “Зөвийг зөвлөе” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Ганбаяр: Арга хэмжээний хүрээнд Баянгол дүүрэг дэх цагдаагийн газраас “АА” нийгэмлэгтэй хамтран гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болон согтууруулах ундааны зүйл хэрэглэж зөрчил гарган, эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулагдсан иргэдэд хууль зүйн мэдлэг боловсрол олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Мөн ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн оюутан, сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх ажлыг зохион байгуулж байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн судалгаанаас үзвэл архинд донтох эмгэг зонхилон тохиолддог буюу насанд хүрэгчдийн дунд архинд донтох эмгэг 6.2% байна. Үүнийг тоогоор илэрхийлбэл Монгол Улсад 93000 хүн архинд донтох эмгэгтэй байна. Насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 51% нь архи, согтууруулах ундааг хэтрүүлдэг зохисгүй хэрэглээтэй ба Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд жилд дунджаар 1800 хүн архинд донтох эмгэгээ хэвтэн эмчлүүлдэг. Жилд 3000-4000 хүн ямар нэгэн байдлаар эмчилгээ хийлгэдэг бол ная гаруй мянган хүн огт тусламж үйлчилгээ аваагүй байна. Архинд донтох эмгэг маш олон төрлийн өвчлөл үүсгэдэг бөгөөд 60 гаруй өвчний эх үүсвэр, нас баралтын гол шалтгаан, зүрх судасны эмгэг, хавдар, осол гэмтлийн шалтгаан болж байгааг судалгааны дүн харуулж байна.
“Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг” ТББ-ын ерөнхийлөгч Ж.Цогтсугар: Бид бүх алдааг хаанаас хайж байна вэ гэхээр архидан согтууралтаас, лонхон дотор буй архинаас, архи борлуулдаг цэгээс, үйлдвэрээс нь хайж байна. Гэтэл алдаа бидний тархинаас гарсан. Өнөөдөр бид тархиа огт анзаарахгүй байна. Гэмт хэрэг гэмт хүслээс гардаг. Хулгай хийх гэдэг бол хүн зүгээр явж байгаад хулгай хийхгүй, хулгай хийх талаар бодож байгаад хулгай хийдэг. Тэгвэл архийг уухын тухай бодно гэдэг нь тархин дотор нь гэмт хүслүүд бий болж байна гэсэн үг юм.
Согтууруулах ундаа нь хүнийг донтуулах, сэтгэцэд нөлөөлөх шинж чанартай бөгөөд хэтрүүлэн хэрэглэх нь хувь хүний эрүүл мэндэд шууд хортой төдийгүй гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олны дунд дам байдлаар хор хөнөөл учруулж, улмаар нийгэм, эдийн засагт дарамт үүсгэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд нэг жилд гурван сая, өөрөөр хэлбэл нэг минутад зургаан хүн нас барж байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Өөртөө туслах бүлгийн зохион байгуулагч Л.Насанбаяр: Архины асуудалтай хүн өөрийгөө мэддэггүй. Өөрийгөө өмгөөлж хамгаалдаг. Нийгэм угаасаа ийм, миний амьдрал хэцүү байна. Ер нь хүмүүс баяраар уудаг шүү дээ гэх мэтчилэн. Гэтэл хэр хэмжээнээс хэтэрсэн зүйл гэж бас байна. Гэтэл танд та архийг хэтрүүлэн хэрэглэж байна, таны амьдрал үүнээс болж доошилж, уруудаж байна гэх зүйл дээр та өөр дээрээ анхаарч бодох хэрэгтэй. Эргэцүүлэх хэрэгтэй.
Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах талаар төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, соёл, боловсролын байгууллага бүх төрлийн сурталчилгаа явуулах үүрэгтэй гэж заасан байдаг. Цагдаагийн байгууллагаас иргэдэд архины хор уршгийн талаар ойлгуулах, эрх зүйн боловсрол олгох нөлөөллийн “Нэг хором”, “Хариуцлагаар үлгэрлэе” зэрэг арга хэмжээг зохион байгуулсаар байна.
Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхтайван: Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Зөвийг зөвлөе” арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага шөнө оройн цагаар гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авто болон явган эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдэд мэдээ мэдээлэл өгөх нөлөөллийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.
Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл нь ажилгүйдэл, ядуурал, нийгмийн стресс бухимдал, сэтгэл гутрал, сэтгэлзүйн болон бусад тавгүй байдлаа зөвөөр шийдвэрлэж чадахгүй байгаатай холбоотой байна.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Эрдэнэцэцэг: Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран архины хор уршигын талаар иргэдэд мэдээлэл өгөх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа билээ. Иргэд та бүхэн архины зохисгүй хэрэглээг багасгах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг уриалж байна.
Иргэд та бүхэн архины хор уршигын талаар ухамсарлах, аливаа тэмдэглэлт баяраар архидан согтуурах бус амарч, зугаалах, явган аялах зэргээр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, бие биедээ зөв үлгэрлэн зөвийг зөвлөхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.