Монголбанкнаас валютын нөөцийн асуудлаар мэдээлэл хийж байна

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн нөхцөл байдлын талаар мээдэлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсад орлого олох боломж нь байгаа. Манай улсын экспортын бүтээгдэхүүний 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Уул уурхайн ихэнх бүтээгдэхүүний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн сайхан боломжууд бий. Зэс гэхэд тонн нь 10 мянган ам.доллар давсан байна. Нүүрс 400 ам.доллар давж байна. Өмнө нь ийм таатай нөхцөл байгаагүй.

Түүхий эдийн үнэ өндөр байгаа ч гол худалдан авагч урд хөрш ковидын хатуу арга хэмжээ авснаар 05 дугаар сараас хойш манай экспорт маш бага болсон. 2018, 2019, 2020 онд Монгол Улс жил бүр 35-36 сая тонн нүүрс экспортолж байсан бол өнгөрсөн онд 16 сая тонн нүүрс гаргасан. Бараг хоёр дахин буурсан. Түүхий эдийн үнэ сайн байгаа ч бид нүүрсээ гаргаж чадахгүй байна. Энэ нь бидний экспортын орлогыг хаагаад байна.

Үүнээс шалтгаалаад төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч, валютын нөөц, ханшид өнөөдрийн дарамтыг үүсгээд байна. Төв банк үүнийг тодорхой хугацааны дараа тогтворжино гэж үзэж байна. Хил гааль нээгдвэл зэс, нүүрсээ экспортлох боломж байгаа.

2021 онд экспортоор 8.5 тэрбум ам.долларын орлого олсон. Үүний 92 хувь нь зэс, нүүрс, төмрийн хүдэр, алт, цайр, жонш зэрэг түүхий эд эзэлж байна. 2022 он гарсаар экспортын орлого хэвийн хэмжээнээс доогуур байна. Нэг, хоёрдугаар сарын орлогыг 2021 онтой харьцуулвал 20 хувиар бууралттай байна.

Импорт их хэмжээгээр өсөж байна. Нийт импортын 32 хувийг хэрэглээний бараа бүтээгдэхүүн эзэлдэг. 2021 онд 8 тэрбум ам.долларын импорт хийсэн. Үүний  30 хувь буюу 2-3 тэрбум ам.доллар нь бидний хэрэглээ. Энэ хэрэглээнд 500-600 сая ам.долларыг тансаг зэрэглэлийн суудлын автомашинд зарцуулсан. Энэ хэрэглээ 2022 онд өсөх хандлагатай байна. Монголбанкнаас УИХ, Засгийн газарт хэмнэж болох хэрэглээгээ танах, тэр дундаа тансаг хэрэглээний импортыг багасгахад тодорхой арга хэмжээ авах саналыг тавьж байгаа’ гэдгийг хэлж байна.