Таргалалттай улстөрчдөд авлигын шинж байдаг гэсэн судалгаа гарчээ

Таргалалттай улстөрчдөд авлигын шинж байдаг гэдгийг судалгаагаар гаргаж ирсэн байна.
Авлига нь далд үйлдэгддэг хэмжихэд туйлын бэрх. Хулгай хийсэн улстөрчид хууль бус үйлдлээ нуухын тулд олон төрлийн арга хэрэглэдэг. Гэсэн ч тэдэнд нууж чадахгүй нэг зүйл байгааг Францын Монпелье их сургуулийн эрдэмтэн Павло Блаватскы судалгаагаар гаргаж, дэлхий нийтэд зарлалаа.
Tne Economist-д бичсэнээр, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан авлига ихтэй улс орнууд ихэвчлэн тарган улстөрчидтэй. П.Блаватскы социалист системд багтаж байсан 15 улсын засгийн газрын 299 гишүүний биеийн жинг “Транспэрэнси Интернэшнл’-ийн авлигын индекс болон Дэлхийн банкны авлигын үзүүлэлтүүдтэй харьцуулж үзсэн байна. “Бидний тооцсоноор сайдуудын биеийн жингийн индексийн дундаж хэмжээ авлигыг хэмждэг бусад индексийн дүнтэй ихээхэн хамааралтай гарсан. Нуугдмал өндөр түвшний авлигыг өндөр албан тушаалтнуудын гэрэл зургаас шууд харах боломжтой” гэж тэрбээр хэлжээ.