Хотынхны завгүй хэмнэлд зориулсан зөв шийдэл

Улаанбаатарт суурьших, хотын соёлд суралцах хэмээх ойлголтыг “завгүй амьдралын хэмнэлд суралцахуй” хэмээн томьёолмоор санагддаг юм.

Сүүлийн 20 жилийн турш хөдөөгөөс хот руу шилжин суурьших хөдөлгөөн тогтмол өссөн. Хүүхдүүддээ чанартай боловсрол, ахмадууддаа эрүүл мэндийн үйлчилгээ, өөрсдөдөө ажлын байр, ахиу орлого олохоор нийслэлийг зорьдгийг буруутгах ч аргагүй. Манай гэр бүл ч гэсэн 1998 онд эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатарт ирж байв.

Ийнхүү зайлшгүй шалтгаанаар шилжин ирэгсэд нэмэгдсээр нийслэл хот анх төлөвлөж байснаас бараг гурав дахин их оршин суугчтай болоод буй. Хүн нэмэгдэхийн хэрээр хотын зүгээс иргэддээ үзүүлдэг үйлчилгээгээ хурдан шуурхай, түвэг чирэгдэлгүй хүргэх хэрэгцээ шаардлага үүссэн.

Уг хэрэгцээнд тулгуурлан төрийн үйлчилгээг ХУРДАН, ТЭГШ, НЭЭЛТТЭЙ зарчмаар хүргэж буй онцлох газар бол Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв юм.

Нийслэл хотод өдгөө 1.5 сая хүн ам оршин сууж, хоёр ч дүүргийг /СХД,БЗД/ хуваах асуудал эрчимтэй яригдаж байгаа. Энэ үед дүүрэг, хороо, иргэний бүртгэлийн байгууллагын ачааллыг хуваалцаж, иргэдэд богино хугацаанд төрийн үйлчилгээг чирэгдэл багатайгаар хүргэх шийдэл нь Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв болсонтой хэн ч маргахгүй биз.

2016 онд анхны төв Дүнжингарав төвд нээгдэж, иргэдэд үйлчилж эхэлсний дараа төд удалгүй Мишээл, Драгон, зургаан буудлын Оргил салбаруудаа нээсэн. Ингэснээр нийслэлийн нутгийн Захиргааны байгууллагуудын 316, Засгийн газрын харьяа, Яам болон агентлагуудын 77 үйлчилгээг иргэд нэг дороос авах боломж бүрдсэн юм.

Иргэдийн хувьд 100 айлд байрлах улсын бүртгэлийн газар руу хоёр цаг түгжирч очоод, өдөржин дугаарлаж захиалдаг иргэний үнэмлэх, гадаад пасспортын үйлчилгээг эхний ээлжинд НҮНТ-үүд рүү шилжүүлсэн нь олны талархлыг хүлээж байв.

Тэдгээр үйлчилгээг авахтай холбоотойгоор төлөх тэмдэгтийн хураамж, төлбөрийг төлөх арилжааны банкуудын салбар ч бас НҮНТ дотор байрладаг.

Завгүй Улаанбаатарчууд цайны цагаараа Дүнжингарав, Мишээл экспо, зургаан буудлын Оргил руу очоод иргэний үнэмлэхээ захиалж, тодорхойлолт, лавлагаа авдаг бол хотоос гарах гэж байгаа иргэд Драгон авто вокзалаас хөдлөхдөө л бичиг баримтаа захиалчихдаг болсон.

Саяхан ээж маань хөдөө явах замаараа “Драгонд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд жолооны үнэмлэхээ захиалчихсан. Миний охин ижил хаягтай юм чинь иргэний үнэмлэхээ авч очиж, үзүүлээд авчхаарай” гэсэн  юм.  НҮНТ-ийн хаалгаар ороход мэдээллийн ажилтан хамгийн түрүүнд нүдэнд тусах бөгөөд түүнээс  жолооны үнэмлэх хаана олгож байгааг асуугаад 54 дүгээр цонхонд очин дугаарлалаа. Өмнө минь хоёр хүн дугаарлаж байсан тул би хойш сууж орчин тойрноо ажиглав. Ойролцоох сандал дээр сууж байсан залуу утсаар ярьж байгаа нь сонсогдоно. Тэр гадаад руу явахаар визний материал бүрдүүлж байгаа бололтой “ТҮЦ машинаас нийгмийн даатгалын лавлагаа авчихлаа. Сая банканд мөнгө тушаачхаад цагдаагийн тодорхойлолт авахаар дугаарлаж байна” хэмээн утсаар хэн нэгэнд хэлээд тэр зуураа анкет бөглөж байв.

Хэдхэн жилийн өмнө нийгмийн даатгалын дэвтрээ ажлын газраасаа аваад, банк орж мөнгө тушаагаад, Сансараас очиж цагдаагийн тодорхойлолт авдаг байсныг би мэдэх юм. Улаанбаатарт хамгийн багаар бодоход хагас өдөр явж байж эдгээрийг амжуулах бол НҮНТ дотор 30 минутад амжуулах ажил болжээ.

Энэ зуур миний дугаарыг дуудлаа. Жолооны үнэмлэх олгож буй ажилтан иргэний үнэмлэх дээрх хаягийг ээжийн минь хаягтай тулгаад шууд л жолооны үнэмлэхийг нь өгөх нь тун амар санагдав. Өнөөх хүнд суртал хэмээн бидний цагийг үрж байдаг зүйл тэнд алга.

Иргэн хүн супермаркетаар үйлчлүүлэн, хэрэгцээт бараагаа аваад гарч байгаатай адил жишгээр төрийн үйлчилгээ иргэдэд хүрэх болсон нь энэ. Үнийг завгүй хотын хэмнэлд нийцүүлсэн төрийн үйлчилгээний шинэ соёл, шинэ хандлага хэмээн тодотгож болох юм.

НҮНТ-үүд тус бүрдээ өдөрт дунджаар 4000-6000 иргэнд 300 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлдэг гэх тоон үзүүлэлт нийслэлийн иргэдийн цаг зав, зардал мөнгийг хэмнэсэн нь бодит үр дүн болон харагдаж байна. Цаг хэмнэнэ гэдэг их хотын завгүй иргэдийн хувьд хамгийн зөв хэмнэлт билээ.

 

Цаг хэмнэхэд чухал нөлөөтэй их хотын бас нэг чухал бүтэц нь тээврийн үйлчилгээ бөгөөд иргэдийн ая тухтай зорчих, түгжрэлийг бууруулах чиглэлд жил тутам бүтээн байгуулалтын ажил өрнөж 2018 оны намар Улаанбаатарт анхны гурван түвшний огтлолцол бүхий Яармагийн шинэ гүүрийг ашиглалтад оруулсан.

 

www.see.mn