Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлыг тусгайлан хэлэлцэхийг УИХ, Засгийн газарт анхаарууллаа

Монгол Улсын Их Хурлын Хаврын чуулганы өнөөдрийн /2022.05.13/ нэгдсэн хуралдаан эхэллээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэлдээ:

…Улс орны нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Халамжаас Хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих суурь реформын хүрээнд 100 жил 10 зорилт хөгжлийн санаачилгыг Төрийн тэргүүн дэвшүүлсэн. Энэхүү зорилт нь Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгалаа олсон нь сайшаалтай. Дээрх 10 зорилтын нэг болох хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, МАА, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болоход та бүхний анхаарлыг хандуулахаар Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд биечлэн оролцож байна.

Төрийн бодлогын цөмд Монгол хүн, Монгол өрх байж ирсэн. Цаашид ч байх  ёстой. Монгол Улсын ҮАБ нь монгол хүний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Хүнээ хамгаалъя, хүнээ хөгжүүлье гэвэл бид хүнсээ сайжруулах ёстой. Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх суурь  асуудлын нэг бол хүнсний аюулгүй байдлыг хангах хүнсний хангамжийг нэмэгдүүлэх явдал юм.

Хүнс эрүүл байвал монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол Улс хүчирхэг байна. Тиймээс Монгол Улсын ҮАБ, хүнсний хангамж, иргэдийн эрүүл амьдрал, хүний бие махбодийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, хүртээмжтэй, тогтвортой хангах явдал онцгой чухал асуудал болж байна.

…Бидний өвөг дээдэс өнө эртнээс нүүдлийн МАА эрхэлж, хоол хүнс, дээл хувцас, эд зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэж, худалдаа наймаа эрхэлж, бусдаас хараат бус оршин тогтнож ирсэн түүхтэй. Социализмын он жилүүдэд ч Монгол оронд аж үйлдвэрийн хувьсгал эрчимж, мах, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо зэргээр дотоодын хэрэгцээгээ хангаж ирсэн төдийгүй 1985 онд ХАА-г хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байсан. Монголчууд бид монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, ҮАБ-аа баталгаажуулж ирсэн. Чаддаг байсан зүйлээ чадахгүй болох нь хөгжил дэвшлээс ухарсан хэрэг юм. Бид үүнд анхаарч, засаж залруулах шаардлагатай байна.

Дэлхийн нийтэд үүссэн нөхцөл байдал, цар тахал, тээвэр логистикийн хүндрэл, ажилгүйдэл, ядуурал, бараа бүтээгдэхүүний хомстол, үнийн асуудлаас үүдсэн хүнсний хангамжийн асуудал улс орон бүрийн нэн тулгамдсан асуудал болоод байна. Энэ нь цаашлаад дэлхий нийтийн тогтвортой хөгжилд томоохон эрсдэл учруулах хандлагатай байна.