Сингапурт гэмт хэрэгт холбогдсон бөх Улсын арслан Ц.Содномдорж байжээ

Өнгөрсөн долоо хоногт бид  Гадаад харилцааны яамнаас Сингапур улсад Казино тоглож байгаад хэрэгт холбогдсон Монгол иргэдийн талаар тодруулахад  “Казино тоглосон нь үнэн байна. Хувь хүний нууц тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй’ гэх хариултыг өгсөн билээ.

Нийслэлийн прокурор асан Б.Баярмагнай олны танил  бөхийн хамт байсан гэх мэдээлэл тухайн үед манай сайтад нийтлэгдсэн. Харамсалтай нь хамт байж, хэрэгт холбогдсон гэх бөх нь Улсын арслан Ц.Содномдорж гэх мэдээлэл цацагдаад байна. Эх сурвалжийн мэдээлснээр, тэд хулгайн хэрэгт холбогдсон бололтой.

Цэдэвийн Содномдорж 2006 онд аймгийн арслан цол хүртсэнээс хойш Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд эр бяр, уран барилдаанаараа бөх сонирхогчид, түмэн олноо баясгаж, басхүү хүндлэгдэн Улсын арслан хэмээх өндөр цолонд хүрсэн бөх. 1986 онд төрсөн тэрбээр, өөрийн уйгагүй хөдөлмөрөөр олон жил өсөх хэмнэлээр уйгагүй амжилт үзүүлэхийн зэрэгцээ Монгол бөхийн найраа, допинг хэрэглэхийн эсрэг тэмцэж байв.

Ц.Содномдорж нь Хѳвсгѳл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат ШШГЕГ-ын Сүлд биеийн тамир спортын хороо,  Хѳвсгѳлийн хүчтэн бѳхийн дэвжээ, “МОНОС” группын бѳх, Улсын арслан, дэд хурандаа цолтой юм.

Х. Тулга